
Монголчууд бид үндэсний үйлдвэрлэлээ дэмжье гэж сүүлийн арваад жил ярьж байна. Гэхдээ үг, үйлдэл нь зөрсөн төрийн дээдсээс болж манай улс жил бүр зөвхөн цагаан сарын бэлгийн 80 орчим хувийг импортын бүтээгдэхүүн эзэлж байна. Ингээд бодохоор Монгол Улс цагаан сарын баярт зориулж дунджаар 357.3 тэрбум төгрөг гадагш гаргаж байна гэсэн үг. Үүний бурууг ЖДҮ-чид хэмээн цоллогдоод буй эрхэм гишүүдээс нэхэх нь зүйтэй болов уу.
Уг нь ЖДҮ-ийг дэмжих сангийн зээлийн мөнгө бичил, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд тунчиг хэрэгтэй. Гэтэл зээлийн мөнгөний дийлэнх хэсгийг улс төрийн өндөр албан тушаалтнууд өөрсдийн холбоо хамааралтай этгээдүүдийнхээ компанийн нэрээр авдгийг нотолсон баримт бичгүүд хөвөрсөөр. Үүнтэй хатуу тэмцэнэ хэмээн мэдэгдээд байсан Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн дүүдээ тус зээлээс мөнгө авч өгсөн нь нотлогдсон. “Ичсэн хүн, хүн ална” гэгчээр өөрийнх нь “но” илрэнгүүт танхимынхаа хоёр гишүүнийг огцруулах асуудлыг чуулганаар оруулж ирж, нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг оруулж ирсэн. Гэвч яаж ийж байгаад л аваад үлдчих юм. Тухайлбал, ЗТХ-ийн сайдыг огцруулах асуудал нийт найман удаа хойшилж байна. Ц.Цогзолмаа сайдынх нь ч мөн ижил. За, дөрвөн гишүүний асуудлыг дурсаад ч хэрэггүй биз. УИХ-ын гишүүдийн халдашгүй байдлын дэд хороогоор дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэх үеэр Ц.Нямдорж гишүүн уг асуудлыг чуулганд танилцуулах шаардлагагүй гэж үзлээ хэмээн мэдэгдсэн. Гэтэл чуулганы микрофон харахаараа “УИХ-ын гишүүн Л.Энхболд, Б.Ундармаа, Д.Дамба-Очир, Г.Солтан нарыг гэмт хэрэг үйлдсэн, тэднийг ёс зүйн хувьд уучлахгүй” хэмээн хэлээд авсан. Хууль зүйн сайн Ц.Нямдоржын бас нэг худалч төрх ийнхүү илрэв. Өчигдөр ярьсан зүйлээ өнөөдөр мартдаг хэмээн нэг хэсэг нь шоглож байхад Ц.Нямдоржийн “шударга ёс”-ны ноён нуруу ЖДҮ дээр ирээд хугарав хэмээн шүүмжилж байна. Үүнтэй зэрэгцээд Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан, Л.Болд нарын тэргүүтэй хэсэг гишүүний попрол эхлэв. Өөрсдийгөө ард түмний төлөөлөл хэмээн цагаан хоолойгоор зарлан тунхаглах тэд ард иргэдийг ашиглан Төв талбай дээр хоёр дахь удаагаа жагсаал зохион байгуулав. Өөрөөр хэлбэл, монголын бүх муу, муухай зүйл М.Энхболд гэгчтэй холбоотой болж таарах нь. Үүнтэй ч санал нийлсэн иргэд тэдэнтэй хамт жагсаж, шударга ёсыг эрмэлзэж буй. Гэхдээ үүнээсээ өмнө Ж.Батзандан, Л.Болд гэгч эрхмүүд чухамдаа хэн бэ гэдгийг сайтар бодох нь зүйтэй болов уу. Тэд бол намаасаа хөөгдсөн түшээдүүд. ЖДҮ-гийн асуудал эрчээ авч байх үед У.Хүрэлсүхийн Засгийн газартай хариуцлага тооцохыг эсэргүүцсэн учраас тэр. Ингээд бодохоор тэдний цаад санаа нь ЖДҮ-гийн асуудлыг олны хандлагаас холдуулж, МАНАН руу чиглүүлэх гээд байна уу даа гэсэн хардлага бий. Товчоор хэлбэл, Засаг, төрийг хямраасан ЖДҮ-ийн дуулианд нэр холбогдсон гишүүд хоёр талд өөр, өөрсдийн эрх ашгаа хамгаалах улс төр хийж байна.
Монголын төрийг тонон дээрэмдэж, бүх л төрлийн концесс, төрийн сан, лиценз, тендер будлиулдаг нөхдүүд “ЖДҮ”-ийг шалгах УИХ-ын Түр хороо байгуулахыг дэмжсэнгүй. Үнэнийг хэлэхэд, ЖДҮ гэдэг бол жижиг, дундаас зээл авсан жижиг гарын “хулгайч”-дын асуудал биш ээ. “Би идэхгүй бол, Чи ч идэхгүй” гэсэн хандлагын золиос нь хөдөлмөрлөж, бүтээж, амьдрахыг эрмэлзэж буй жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид л болж үлдэх тул үүнийг хэлж буй юм. Санаж, сэдсэнээ, төсөл болгон боловсруулж, энгэртээ тэвэрсэн олон мянган иргэн ЖДҮ-ийн зээлд хамрагдах гэж хүсэлтээ өгдөг. Үүнийг гэрчлэх статистик тоо баримтууд ч цахим орчинд дүүрэн бий. Улс орны эдийн засагт нэмэр тустай санаанууд, төслүүдийг хөрсөн дээр буулгах гүүр болох ёстой ЖДҮ-ийг хөгжүүлэх сан үүргээ гүйцэтгэж ирсэн эсэхэд анхаарах хэрэгтэй болж байна. Мөнгөтэй бол ЖДҮ-г мартуулахгүй тултал нь сэвэхсэн. Их мөнгөний өмнө ЖДҮ мартагдах үерүүгээ орж байна даа гэж халаглах хүмүүс байна. Үүнд үгүй гэж хариулмаар байна. М.Энхболд л их хурлын даргын суудлаасаа буучихвал нар мандана, улс орон цэцэглэн хөгжинө, бүх муу муухай арилна хэмээн итгүүлсэн олон түмэндээ ам асуулгах өдөр поп гишүүдэд удахгүй ирэх биз ээ.