
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, төр, нийгмийн зүтгэлтэн, их соён гэгээрүүлэгч Бавуугийн Лхагвасүрэн 2019 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр өвчний улмаас таалал төгссөн билээ. Түүнийг сүүлчийн замд нь үдэх ёслолын ажиллагаа өнөө өглөө УДЭТ-т зохион байгуулагдлаа.
Их найрагчийг хүндэтгэж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Засгийн газрын гишүүд эмгэнэл илэрхийлж "Б.Лхагвасүрэн яруу найрагч, зохиолч бие хүнийхээ хувьд эх орон, ард олондоо туйлын хайртай, галтай эх оронч, үнэнч шударга, хурц мэргэн, бодомжтой гүн сэтгэлгээний үгээрээ үе үеийг ухааруулж ирсэн оюун санааны манлайлан гэгээрүүлэгч байлаа.
Монголын төр, нийгэм, соёлын гарамгай зүтгэлтэн, их соён гэгээрүүлэгч, хурц цэцэн, оюун санааны эх ундарга болсон сүр жавхаалаг уран үгийг эзэгнэгч, монгол үндэстний хэмжээний гэгээ татуулсан их найрагч Б.Лхагвасүрэнгийн омголон бадрангуй гэгээн дүр төрх монголчуудын зүрх сэтгэлд үүрд мөнхөрч үлдэх болно" хэмээлээ.
