
Өнгөрсөн долоо хоногт болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе.

Ардын уран зохиолч П.Бадарчийн “Есөн эрдэнийн орон” найраглалд Төрийн соёрхол хүртээлээ
Монголын уламжлалт сар шинийн баяр Цагаан сарыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Төрийн шагнал хүртээх тухай” зарлиг гаргасан. Тус зарлигт “…Монгол түмний сэтгэл зүрхэнд хоногшиж, үеэс үед дуурьсах гарамгай бүтээлүүдийг туурвин урлаг, уран зохиолын боловсрол, гоо зүй, танин мэдэхүй, соён гэгээрлийн гарамгай үйлсийг бүтээж, Монголын уран зохиолын хөгжил, яруу найргийн туурвил зүй, оюун санааны дэвшилд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь соёрхон үнэлж, үндэсний уламжлал бэлгэдлийг эх орныхоо байгаль, түүх, соёл, ахуйд уялдуулан шингээж, ард иргэд, залуу хойч үедээ эрх чөлөө, тусгаар тогтнол, эх орныхоо эгнэшгүй үнэ цэн, яруу гайхамшгийг таниулсан “Есөн эрдэнийн орон” найраглал туурвисан Монгол Улсын Ардын Уран зохиолч Пунцагийн Бадарчид Монгол Улсын Төрийн шагнал хүртээсүгэй” гэжээ.

Улсын арслан Р.Пүрэвдагва түрүүлж, Ц.Содномдорж үзүүрлэлээ
Билгийн тооллын XVII дугаар жарны “Урвуулагч” хэмээх шороон Гахай жилийн сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаан "Буянт-Ухаа" спорт цогцолборт болж, улс, аймгийн цолтой 256 бөх зодоглолоо. Энэ жилийн цагаан сарын барилдаанд хоёр залуу арслан үзүүр түрүүнд үлдэж, Улсын арслан Р.Пүрэвдагва түрүүлж, Ц.Содномдорж үзүүрлэлээ.
Хүчит бөхийн барилдааны долоогийн даваа шөвгийн дөрөвт үлдсэн бөхчүүдийн оноолт болон давсан бөхчүүд:
Улсын аварга Н.Батсуурь /Увс/ - Улсын арслан Р.Пүрэвдагва /Архангай/ давсан
Улсын аварга С.Мөнхбат /Увс/ - Улсын арслан Ц.Содномдорж /Хөвсгөл/ давсан

Их найрагч тэнгэрийн орондоо заларчээ
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, төр, нийгмийн зүтгэлтэн, их соён гэгээрүүлэгч Бавуугийн Лхагвасүрэн таалал төгслөө. Их найрагчийг өнөөдөр сүүлчийн замд нь үдэж байна.
Улсын драмын эрдмийн театрт болсон салах ёслолд төр, нийгмийн зүтгэлтнүүд, урлаг соёлынхон, зохиолч, яруу найрагч нөхөд нь, уншигч, сонсогч, үзэгчдийн төлөөлөл хүрэлцэн иржээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон УИХ, Засгийн газрын гишүүд их найрагчтай салах ёс хийж, гэр бүл, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийллээ.
Талийгаачийг төрсөн нутаг Төв аймгийн Баян-Өнжүүл суманд нь нутаглуулах юм.

Сар шинийн баяраар 200 гаруй хүүхэд шинээр мэндэлжээ
Баярын өдрүүдэд осол гэмтлийн болон архи, хоолны хордлогын тохиолдол нэмэгдэж, 39 хүн хордлогод орж, Гэмтэл, согог судлалын үндэсний төвд 250 хүн хандаж эмнэлгийн тусламж аван үйлчлүүлжээ. Сар шинийн баяраар 200 эх амаржсан байна. Мөн Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв өдөрт 200 гаруй хүүхдэд тусламж үйлчилгээ үзүүлжээ. Үүнээс гадна 50 гаруй хүүхдэд яаралтай мэс засал хийсэн хэмээн Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.