
Энэ сарын 08-ны өдөр Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчиж явсан "Лексус-470" загварын суудлын автомашин мөсөнд цөмөрч усанд живжээ. Тус автомашинд зорчиж явсан таван хүн эсэн мэнд гаржээ.
Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газарт ирсэн дуудлагын дагуу 11 аврагч ослын газар ажиллаж, усанд живсэн автомашиныг татан гаргахаар 30 метрийн гүнд хоёр удаагийн шумбалт хийхэд автомашин дотор шороо хайрга их хэмжээгээр орсон байжээ. Түүнчлэн автомашин доторх эд зүйлсийг хайх боломжгүй байсан учраас жолоочийн хүсэлтээр автомашиныг нуурын гүнд орхисон байна.
Цаг уурын байгууллагын мэдээлж буйгаар нэгдүгээр сарын сүүлийн арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрөнд тогтвортой мөсөн бүрхүүл тогтсон хэдий ч нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа аж. Иймд мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг анхаарууллаа.