
Засгийн газрын шийдвэрээр ирэх тавдугаар сарын 15-наас хойш иргэд, аж ахуй нэгжүүд түүхий нүүрс түлэхийг хориглосон. Харин оронд нь үйлдвэрийн аргаар боловсруулж сайжруулсан, шахмал түлш хэрэглэнэ. ”Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн дэргэд “Тавантолгой түлш” ХХК байгуулж, сайжруулсан, шахмал түлш үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд ирэх намар нэгдсэн байдлаар хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна.
“Тавантолгой түлш” ХХК нь жилд 200.000 тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай. Гэвч нийслэлийн нийт айл өрхүүдийн ахуйн түлшний хэрэгцээг бүрэн хангахын тулд жилдээ 600.000 тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх шаардлагатай. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн тус үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ хүчин чадлыг дахин нэмэгдүүлнэ гэж мэдэгдсэн. Ингэснээр нийслэлийн агаарын бохирдлыг 50 хувь хүртэл бууруулах боломжтой болох юм.
Одоогоор тус үйлдвэрт 20 мянга орчим тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэн нөөцөлжээ. Үйлдвэрийн ажилчид 24 цагийн турш дөрвөн ээлжээр тасралтгүй ажиллаж байна.