
Зайсан дахь "KFC"-ийн салбараар үйлчлүүлсэн 16 иргэн хоолны хордлогонд оржээ. Тодруулбал, ХУД-ийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрладаг "KFC"-ийн салбараар үйлчлүүлж хоол идсэн гэх 9-40 насны 16 хүн хордлогонд орж, ХӨСҮТ хандсан байна. Эдгээрийн 11 иргэний биеийн байдал өндөр халуурах, бөөлжих, суулгах зэргээр хүндэвтэр байгаа тул хэвтэн эмчлүүлж байгаа хэмээн Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Уг асуудалтай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас судалгаа хийхэд, энэ сарын 9, 10, 11-нд Зайсан дахь “KFC” сүлжээ ресторанаар үйлчлүүлсэн хүмүүст хордлогын шинж тэмдэг илэрсэн аж. Түүнчлэн хордлого авсан иргэдийн дийлэнх нь “Найзууд” багц идсэн бөгөөд тухайн өдөр 300 гаруй багц худалдаанд гаргасан байна. Одоогоор шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд тус салбарт ажилладаг 27 ажилтныг эрүүл мэндийн үзлэгт хамруулжээ.