
Өнөөдөр гадаа -14 градусын хүйтэн байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
2 дугаар сарын 15-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 46 дахь өдөр бөгөөд он дуусахад 319 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -12 хэмийн хүйтэн бол шөнөдөө -25 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 10, есөн улаан мэнгэтэй харагчин хонь өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эрч хүч ихсэх гэнэ. Энэ өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2635.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 40.40, юань 388.80, вон 2.35 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- MN-Мэдээллийн төвд 11.00 цагаас “Газрын тосны хөгжлийн шийдэл” ТББ-аас “Газрын тосны салбарт монголчуудын оролцоог нэмэгдүүлэх, тус салбарын өнөөгийн нөхцөл байдал” сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа.
- Монголын ууган хэвлэлийн нэг, "Улаан од" сонин үүсэн байгуулагдсаны 95 жилийн ой 10.00 цагт Офицеруудын ордонд болно.
- 11.00 цагаас Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2019 оны 1-р сарын мэдээллийг хүргэнэ.
- 10.30 цагт Канад дасгалжуулагч нар Баянзүрх дүүрэгт “Бласт” ХХК-ийн мөсөн талбайд хоккейн сургалт явуулна.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 2013 онд ОХУ-д солир унаж хад чулуу мөргөсний улмаас 1,500 хүн гэмтэж бэртэв.
- 2003 онд Иракын дайныг эсэргүүцсэн хөдөлгөөн дэлхийн 600 хотод болов. Тухайн үед энэ хөдөлгөөнд 30 сая хүн хамтрагдсан нь түүхэн дэх хамгийн том эсэргүүцлийн хөдөлгөөн болсон юм.
- 2001 онд алдарт Nature сэтгүүлд хүний генийн кодыг анх удаагаа нийтэлжээ.
- 1992 онд цуврал алуурчин Жеффри Дамерт бүх насаар нь хорих ял оноов.
- 1991 онд Чехословак, Унгар, Польш улс чөлөөт худалдааны системд шилжихээр болжээ.
- 1972 онд АНУ түүхэндээ анх удаагаа дуу бичлэгийг зохиогчийн эрхэд хамааруулж эхлэв.
- 1965 онд Канад улс одоогийн төрийн далбааны загварыг батлав.