
Өнгөрсөн долоо хоногт болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Бага насны хүүхэд морь унаж байгаад гараа хөлдөөсөн гэх мэдээлэл ташаа гэв
Хэнтий аймгийн Биндэр суманд морин уралдаан болж хүүхэд осгож, бэртэж гэмтсэн үйл явдал болоогүйг албаныхан мэдэгдлээ. Тухайлбал, Хэнтий аймгийн Биндэр сумын 4 дүгээр баг “Мөнцөг” уулын бэлд оршин суудаг А нь /7 настай, эрэгтэй/ 2019 оны хоёрдугаар сарын 05-ны орой 19.00 цагийн үед гэрийнхээ ойролцоо мотоцикил нь эвдэрч зогссон ахыгаа тосохоор гар чийдэн барьж очих үед хоёр гар нь хүйтэнд хайрагдаж, хоёрдугаар сарын 06-ны өдөр эмнэлгийн тусламж авч, боолт хийлгэсэн байна.

Христийн шашныг сурталчилж, санхүүжүүлж байсан учир үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг нь цуцалжээ
Гадаадын иргэн, харьяатын газраас зөвшөөрөл аван үйл ажиллагаа явуулж байсан Америкийн Нэгдсэн Улсад төвтэй “Жи Эс Эм” /GSM/ төрийн бус байгууллагын төлөөлөгчийн газар нь олгогдсон зөвшөөрлийн дагуу зорилгодоо нийцсэн үйл ажиллагаа явуулаагүй, христийн шашныг нийтэд сурталчилж, санхүүжүүлсэн байжээ. Иймд Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2019 оны хоёрдугаар сарын 02-ны өдрийн А/57 тушаалаар үйл ажилллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгов.

46.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан Б.Гарамгайбаатар нарт холбогдох хэргийг прокурорт буцаав
УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр, тэдний хамсаатан Р.Онон нарт холбогдох хэргийг прокурорт буцаалаа. Тухайлбал, Нийслэлийн прокурорын газраас Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр, Р.Онон нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч энэ сарын 15-ны шүүх хуралдаанаар хянан хэлэлцлээ. Хэргийн явцад Мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, 46.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан, Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх зэрэг үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэлээ.

УИХ-ын ээлжит бус чуулганыг 14 хоногийн дотор зарлан хуралдуулахыг шаарджээ
МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдлээс төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлж буй талаар УИХ-ын нэр бүхий гишүүд мэдэгджээ. Тус шаардлагын талаар УИХ-ыг гишүүн Л.Болд тайлбарлалаа.
Шаарлагад:
- Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг ард түмний өмч болгох, нийтийн сонсгол явуулах;
- 60 тэрбумын асуудлаар нээлттэй сонсгол явуулж, буруутай бүх этгээдийг хуулийн хариуцлага хүлээлгэх;
- Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хайгуул хийсэн стратегийн ордуудыг төрийн мэдэлд авах;
- Шүүх, прокуорор, АТГ, Үндсэн хуулийн цэцийн удирдлагуудыг огцруулж, яаралтай шинэ удирдлага томилуулах;
- УИХ-ын ээлжит бус чуулганыг 14 хоногийн дотор зарлан хуралдуулж, энэ бүх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх шаардлагыг хүргүүлж байгаа аж.
Хэвлэлийн бага хурлын үеэр Ж.Батзандан гишүүн "МАНАН мафын эсрэг тэмцэл М.Энхболдыг Г.Занданшатараар сольж, Л.Оюун-Эрдэнийг сайд болгоод зогсох ёсгүй" хэмээн мэдэгдсэн юм.

Ц.Элбэгдорж: Надад хулгай луйвар хийсэн зүйл байхгүй
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж цахим хуудсаараа дамжуулан сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө. Тэрбээр "Саяхан Улсын Ерөнхий Прокуроруудад хүлээлгэн өгсөн надтай холбоотой гэх 178 хуудас баримт бичгийг олон нийтэд ил болгох хэрэгтэй. Үүнийг ард түмэн ч мэдэх эрхтэй. Надад хулгай луйвар хийсэн зүйл байхгүй. Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй тийм найз л юм бол УБТЗ-ын Оросын талын 50 хувийг Монголдоо аваад ир. Эгийн голын усан цахилгаан станцын төслийг эхлүүл. Х.Баттулгатай итгэл үнэмшлээрээ ажиллах хүн олдохгүй. Х.Баттулгад хүний нөөц байхгүй. Х.Баттулгад хулгайчийн нөөц л байгаа. Ийм учраас хүн томилох гэхээр хулгайч нар л олддог юм. Х.Баттулга хулгайчийн араншингаа гаргаж байна. Өөрийнхөө бүх хулгайг надад тохох гэж байна. Өөрөө хулгай хийчихээд хамтрагч татдаг аргатай хүн. Би "Эрдэнэт"-ийн 49 хувийг Монголд орж ирэхэд нь дэмжсэн болохоос биш хулгайг дэмжээгүй. Х.Баттулга өөрөө "Эрдэнэт"-ийн 49 хувь, Таван толгойн орд газрын тухай хулгай луйварт оролцсон хүн. Одоо үүнийгээ хэн нэгэнд тохох гэж үзэж байгаа нь энэ. Би хулгайчдыг үнэрээр нь танина" гэлээ.

KFC-гээр үйлчлүүлсэн иргэд "ус"-наас хордсон байх магадлалтай гэв
Зайсан дахь KFC сүлжээ рестораны салбараар үйлчлүүлсэн иргэд хоолны гүн хордлогын халдвар авсан гэх мэдээлэл нийгмийг нэлээдгүй шуугиулаад байгаа билээ. Уг асуудалтай холбогдуулан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хийгдэж буй хяналт шалгалтын явцын талаар мэдээлэл хийсэн.
НМХГ-ын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш "Зайсан KFC салбарт ажиллаж байсан нийт 28 хүнээс ХӨСҮТ шинжилгээ авсан. Яг одоогийн байдлаар манайд албан ёсны шинжилгээний хариуг өгөөгүй байна. Мөн лабораторийн шинжилгээний хариу бас хараахан гараагүй байна. Нян судлалын шинжилгээгээр бол өвчин үүсгэгчийг судлахад гурав хоног шаардлагатай. Бид энэ оны хоёрдугаар 12-ны өдрийн 20 цагийн орчимд хамгийн сүүлчийн шинжилгээг авч дууссан" гэлээ.
Энэ үеэр өмнөх онуудад НМХГ-аас тус салбарт хийсэн эрүүл ахуйн шалгалтын үнэлгээг танилцуулав. Уг хариунд KFC ресторан нь мэргэжлийн хяналтын байгууллагаас 2017 онд бага эрсдэлтэй, 2018 онд дунд эрсдэлтэй гэсэн үнэлгээ авч байжээ. Мөн тус сүлжээ ресторан нь хоолонд ашигладаг тахиануудаа БНХАУ-ын Шандунь мужаас импортолдог гэлээ.
Харин урьдчилсан байдлаар өвчтөнүүдээс шигелл гэдэг нян илрүүлсэн. Энэ нь цусан суулга үүсгэдэг нян хэмээн ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.

С.Мөнхчулууныг Хотын даргаар томилохоос татгалзжээ
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VI хуралдаанаар Улаанбаатар хотын захирагчаар сонгогдсон С.Мөнхчулууныг томилохоос татгалзжээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэхүү бичгээ энэ сарын 15-нд НИТХ-ын дарга С.Амарсайханд хүргүүлсэн байна.
Иймд МАН-ын Удирдах зөвлөл болон НИТХ дахин хуралдаж, шинээр Нийслэлийн Засаг даргад нэр дэвшигчийг тодруулна. Харин шинээр нэр дэвшигчийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх тав хоногийн дотор томилох хуулийн заалттай байна.