
НМХГ-ын газраас KFC түргэн хоолны сүлжээ ресторанд хийж буй хяналт шалгалтын үр дүнг танилцууллаа. Өнгөрсөн өдрүүдэд НМХГ-аас тус ресторанд хийсэн хяналт шалгалтаар хоолны бүтээгдэхүүн болон орчноос нийт 94 сорьц дээж авч шинжилж ажиллажээ.
Шалгалтын явцад, тухайн салбарын 28 ажилтан эрүүл мэндийн үзлэгт хамрагдаагүй, үзлэг дутуу байхад баталгаажуулсан байжээ. Мөн ажилчдын эрүүл мэнд, ариун цэврийн байдалд дотоодын хяналт тавьдаггүй бөгөөд хориглосон ариутгал, халдваргүйтлийн бодис хэрэглэсэн нь тогтоогдсон. Түүнчлэн тус салбарт мэргэжлийн бус тогооч нар ажиллаж байжээ.
ХӨСҮТ-өөс өгсөн шинжилгээний хариугаар хоёр хоол үйлдвэрлэлд ажиллаж байсан ажилтнаас шигелийн төрлийн нян илэрсэн гэв.
НМХГ-ын Төв лабораторын шинжилгээрээр ундны уснаас зөвшөөрөгдөх хэмжээнээс 2.5 дахин их халуунд тэсвэртэй савханцар илэрсэн байна. Түүнчлэн химийн шинжилгээгээр нитрат 50 байх ёстойгоос 64.5 буюу зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү байжээ. Хордлогын улмаас өнгөрсөн хугацаанд нийт 242 хүнд хордлогын эмнэлзүйн шинж илэрч, 42 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Гарсан зөрчлийг үндэслээд Зайсан салбарын үйл ажиллагааг зогсоосон байгаа бөгөөд үргэлжлүүлэн 11 салбарын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхээр төлөвлөж байгаа аж.
НМХГ-ын Эрүүл ахуй халдвар хамгааллын улсын байцаагч Б.Очмаа "Зайсан орчим ус ариутгах татуургын хэсгийн сүлжээтэй. KFC Зайсан салбарын хувьд хажуугийн барилгынхаа гүний худгаас ус авдаг. Ус ямар шалтгаанаас үүдэн бохирдсныг тогтоохоор мэргэжлийн хүмүүс ажиллаж байна. Гал тогоонд ажиллаж байсан хоёр ажилтан эхлээд шигел нянгийн халдвартай байсан бол цаашлаад хэд хэдэн ажилтан уг нянгийн халдварыг авсан байна. Нян тээж байсан ажилтнууд хэзээ халдвар авсныг тогтоохоор мэргэжлийнхэн ажиллаж байгаа" гэлээ.
Түүнчлэн тус рестораны гол хүнсний түүхий эд болох тахианы ясгүй махнаас серато гэх бодис илэрсэн гэв. Гэхдээ уг бодис нь хоолыг халуунд боловсруулалт хийсний дараа устдаг гэж мэргэжлийн хяналтын байгууллагын байцаагч тайлбарлав.
НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш "KFC Зайсан салбарын ажилтан цусан суулга өвчин үүсгэдэг нянгийн халдвартайгаа мэдэхгүй явж байгаад хоол хүнсээр дамжин үйлчлүүлэгчдэд халдварласан" гэлээ.
Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс уг асуудалд зөрчлийн хэрэг үүсгэн прокурорын хяналтан доор шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж.