
Сүүлийн зургаан жил маргаантай яваа Монголын сагсан бөмбөгийн холбооноос маргаантай асуудлын шалтгааны талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Монголын сагсан бөмбөгийн холбооны нэрийг барьж зарим хүмүүс залилан хийж буй талаар тус холбооны ерөнхийлөгч Ц.Цэвэрбал ярилаа. Тухайлбал, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны харьяа Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц албан тушаалаа урвуулан ашиглаж, МСБХ-нд олгож буй санхүүжилт нэрийн дор Б.Тамир, О.Баярцогт зэрэг хүмүүст санхүүжилт олгон мөнгө завшсан гэлээ.
Түүнчлэн Монголын үндэсний олимпын хорооны “Olympic Solidarity” төслийн 80 мянган ам.доллар, Онцгой албан татварын сангаас 20 мянган ам.доллар, БТСГ-аас шигшээ багийн бэлтгэл нэрийн дор 20 мянган ам.доллар зэрэг нийт 300 орчим сая төгрөг завшсан гэсэн юм. Энэ бүх үйлдэл нь монголын сагсан бөмбөгийн хөгжилд саад болж байна гэж үзэн БТСГ-ын дарга Ц.Шаравжамцад хариуцлага тооцохыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг нараас шаарджээ.