
“Ноёд” группын ерөнхийлөгч Г.Буяндорж өөрөөс нь 100 мянган ам доллар нэхэж, есөн жилийн хугацаанд 409 хоног хорьж, 16 удаа шүүж, 25 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг дээрэмдсэн хууль хяналтын байгууллагын 22 хүний талаарх гомдлоо Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболдод хүлээлгэж өгсөн.
Тэрбээр “Манай “Ноёд” группын охин компани болох “Ноёд констракшн” компанийг хуулийн байгууллагын нэр бүхий хүмүүс зохион байгуулалттайгаар бүлэглэж,, дээрэмдэж авсан. Үүний уршгаар сүүлийн есөн жил шүүхийн байгуулагад шалгагдаж миний хэрэг цагаадсан учраас энэхүү гомдлоо төрийн тэргүүндээ гаргаж байна" гэсэн юм.
Ингэхдээ "Нийслэлийн прокурорын орлогчоор ажиллаж байсан, одоо Баянзүрх дүүргийн ерөнхий прокурор хийж байгаа Ц.Батболд, мөн Нийслэлийн прокурорын газрын орлогч прокурор байсан, одоо Улсын ерөнхий прокурорт ажиллаж байгаа Ж.Сандагсүрэн, нийслэлийн прокурорын хяналтын газрын прокурор байсан П.Халиун нарын нэрийг дурдсан юм.
Тэгвэл энэ асуудалтай холбоотойгоор УЕПГ-аас мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд “Иргэн Г.Буяндоржоос 2020 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан нэр бүхий прокуроруудтай холбоотой гомдол гаргаж байгаа тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн цахим сүлжээгээр цацагдсан. УЕПГ-аас холбогдох асуудлыг мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагаар шалгуулахаар шийдвэрлээд байна. Тус мэдээлэлд нэр дурдагдсан П.Халиун нь 2015 онд прокурорын байгууллагаас чөлөөлөгдсөн болно” гэжээ.
