Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

 Монголын хөрөнгийн биржийн арилжааны дүн  89.5 сая төгрөг болж буурав

Монголын хөрөнгийн бирж өчигдөр 30 компанийн 549.1 мянган ширхэг хувьцааг 78.9 сая төгрөгөөр арилжлаа. Мөн хөрөнгө оруулалтын хоёр сангийн 14 035 ширхэг нэгж эрхийг 10.5 саяар арилжсан юм. Ийнхүү 89.5 сая төгрөгийн арилжаа хийсэн нь энэ он гарснаас хойших хамгийн бага үнийн дүнд тооцогдлоо. Тус бирж 2022 оны эхний хагас жилд өдөрт дунджаар 1.3 сая ширхэг үнэт цаасыг 2.3 тэрбум төгрөгөөр арилжсантай харьцуулахад энэ нь буурсан үзүүлэлт юм. Түүнчлэн дотоодын үнэт цаасны зах зээлийн чиг хандлагыг тодорхойлогч гол үзүүлэлт болох Топ-20 индекс өчигдөр 34 471 нэгжид хүрлээ. Энэ нь уг үзүүлэлт өмнөх оны есдүгээр сарын 10-нд 49 252-т хүрч өссөнтэй харьцуулахад даруй 14 780 нэгжээр доошилсон гэсэн үг. Сонирхуулахад, Топ-20 индекс энэ оны эхний хагас жилд 44 119 нэгжид хүрч өссөн бол доод үзүүлэлт нь 32 795, дундаж нь 37 759 байсан юм.
 

Бэлтгэсэн Б.Сонор