Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв (СЭМҮТ)-ийнхөн үйлчлүүлэгчдийнхээ эрх ашгийг байнга зөрчдөг, халамжийн тэтгэмжийг нь нийгмийн ажилтан хувьдаа зарцуулдаг, эмч, сувилагчид бус, дарга нараа урамшуулдаг, илүү цагийн цалин боддоггүй, үе үеийн удирдлага нь мөнгө төгрөг шамшигдуулдаг, тэр ч бүү хэл, өвчтөндөө бэлгийн хүчирхийлэл үйлдсэн зэрэг олон таагүй мэдээлэл байсхийгээд л хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагддаг. Зарим нь ч хууль, хяналтын байгууллагаар шалгуулж, буруутай нь тогтоогдон, ял шийтгүүлсэн байдаг. Харин энэ удаа Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн СЭМҮТ-тэй холбоотой ноцтой мэдээллийг өчигдөр олон нийтэд ил болголоо.
Ж.ЧИНБҮРЭН: СЭМҮТ-ИЙН ДАРГА НАР ХУЙВАЛДАЖ, 478 САЯ ТӨГРӨГИЙГ ХУВИЙН ДАНСАНДАА АВСАН
СЭМҮТ-ийн төлбөртэй тусламж, үйлчилгээний талаар нэгэн иргэнээс өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Авлигатай тэмцэх газар (АТГ)-т гомдол ирүүлснийг ЭМЯ-нд шалгуулахаар шилжүүлсэн гэнэ. Үүний дагуу ЭМЯ-ны Хяналт шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газраас тус эмнэлэгт санхүүгийн хяналт шалгалт хи鬬хэд гэмт хэргийн шинжтэй нөх¬цөл байдал тогтоогдсон хэмээн Ж.Чинбүрэн сайд хэвлэлийн хурлынхаа эхэнд мэдэгдсэн юм. Тэрбээр “Энэ оны хоёрдугаар сарын 25-наас гуравдугаар сарын 24-ний өдөр ЦЕГ-тай хам¬тарсан санхүүгийн хяналт шалгалтыг СЭМҮТ-д хийсэн. Хяналт шалгалтаар хэд хэдэн ноц¬той зөрчил илрүүллээ. Төлбөртэй тусламж үйлчилгээ авсан иргэнд төлбөр төлсөн баримтыг өгдөггүй. Эрүүл мэндийн байгууллагынхаас өөр дансанд төлбөр шилжүүлэхийг үйлчлүүлэгчээс шаарддаг. Тодруулбал, 2022-2024 онд ца¬хим бүртгэлд бүртгэсэн төлбөртэй тусламж үйлчилгээний орлого болох 527 875 000 төгрөгийн ор хоногийн төлбөрийг иргэдийг “цагтаа ирээгүй”, өөрөөр хэлбэл, эмнэлэгт хэвтээгүй гэж цуцалснаас 478 970 000 төгрөгийг завшсан. Өөрөөр хэлбэл, иргэдийг эмнэлэгт хэвтэн, орны төлбөр төлсөн байхад хэвтээгүй хэмээн 24 цагийн дотор бүртгэлийг цу¬цалж, данснаас буцааж гаргасан зөрчил илэрсэн. Энэ их мөнгийг СЭМҮТ-ийн дарга нар доод албан тушаалтнуудтайгаа хуйвалдан бэлнээр, хувийн дансандаа шилжүүлж авдаг нь эхний байдлаар тогтоогдлоо. Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Ийм байдал нэг, хоёр биш, таваас дээш жил үргэлжилж буй нь байгууллагын хэвийн үйл ажиллагаа, иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарт муугаар нөлөөлж, эмч, ажилчдын зүрх, сэтгэлийг мохоож ажлын байраа орхих хэмжээнд хүргэжээ.
Түүнчлэн СЭМҮТ-ийн удирдлагын үйл ажиллагаа, хүний нөөцийн томилгоо, сонгон шалгаруулалт, эмнэлгийн тусламж, үйлчилгээ болон “Эрүүл монгол хүн” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбоотой гомдлыг өнгөрсөн зургаа, долоодугаар сард нэр бүхий иргэд Эрүүл мэндийн сайд болон АТГ-т ирүүлсэн. Үүний дагуу яамны холбогдох хэлтсийн албан хаагчдаас бүрдсэн багийнхан өнгөрсөн сарын 8-25-нд тус эмнэлэгт хяналт шалгалт хий¬хэд мөн “Эрүүл монгол хүн” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбоотой зөрчил илэрсэн. Тус арга хэмжээг хэрэгжүүлэх 1.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийн эрхийг СЭМҮТ-д 2025 оны дөрөвдүгээр сарын 4-нд шилжүүлсэн байна. Уг арга хэмжээг хэрэгжүүлэхдээ хүний нөөцийн сонгон шалгаруулалт хийхгүйгээр Сэтгэц нийгмийн сэргээн засах төвийн ажилтан гэх 14 иргэнтэй СЭМҮТ-ийн захирал нь хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан. Гэрээт 14 иргэний тав нь сэтгэцийн эмч, сувилагч, сэтгэл судлаач зэрэг мэргэжилтэй, харин бусад нь зам, гүүрний тех-никч, барилгын инженер, орчуулагч зэрэг мэргэжлийн шаардлага хангаагүй хүмүүс байсан. Тэдэнд энэ оны 1-3 дугаар сарын цалинд 70.7 сая төгрөг олгожээ. Мөн санхүүжилтийн эрх шилжүүлсэн тушаал хүчингүй болсон буюу өнгөрсөн зургаадугаар сарын 12-ноос хойш 248 сая төгрөгийн 40 гүйлгээ гаргасан. Гэтэл СЭМҮТ-ийн бүтцэд Сэтгэц нийгмийн сэргээн засах төв гэж нэгж байхгүй, мөн энэ нь улсын бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллага, хуулийн этгээд биш” гэв.
Мөн тэрбээр тус эмнэлгийн Удирдлагын зөвлөлийн есөн гишүүний тав нь албан тушаалын тодорхойлолтын шаардлага хангахгүй, хоёр нь хувийн хэргээ бүрдүүлээгүй тул тэнцэх, эсэхийг баталгаажуулах боломжгүй байгааг хэлсэн юм. Удирдлагын зөвлөлийн гишүүдэд ажлын хүнд нөхцөлийн болон ур чадварын зэргийн нэмэгдэл хэмээн 24.9 сая төгрөгийг хууль бусаар энэ оны эхний хагас жилд олгосон гэв. Өөрөөр хэлбэл, Төрийн хэмнэлтийн тухай хуулийг зөрчиж, шаардлага хангаагүй олон зөвлөх ажиллуулж, цалингийн зардалд нь 2025 оны эхний хагас жилийн байдлаар 22.4 сая төгрөг зарцуулсныг тодотгов.
Санхүүгийн зөрчлөөс гадна тус төвийн эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой ноцтой зөрчил илрүүлсэн талаар Ж.Чинбүрэн сайд ярьсан. Тэрбээр “Амбулаторийн тусламж, үйлчилгээнд ганцхан эмч сэтгэл заслын үзлэг, оношилгоо хийж байгаагаас энэ төрлийн тусламжийн хүлээгдэл ажлын 29 хоног, стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэг судлалын клиникт үзүүлэх цаг энэ оныг дуустал дүүрсэн байна. Гэвч үүнд ямар нэгэн зохицуулалт хийгээгүй. 2024, 2025 оны эхний хагас жилийн байдлаар эмнэлгийн нас баралтын 20 хувьд оношийн зөрөө гарсан. Мөн удаан хугацаагаар хэвтэн эмчлүүлж байгаа үйлчлүүлэгчдийн аюулгүй байдал, хүний эрхийг ноцтойгоор зөрчих тохиолдол их. Тухайлбал, Сэтгэцийн эмгэг судлалын II клиникт хэвтэн эмчлүүлж буй эмчлүүлэгчийн 80 хувьд сүүлийн нэг сарын хугацаанд жингийн алдагдал дунджаар 2.8 кг байна. Стандартын дагуу насанд хүрэгчдийн хэвтүүлэн эмчлэх тасгийн бие засах газарт 25 хүнд нэг ариун цэврийн өрөө байхаар тусгасан ч тус эмнэлгийн тасгуудад хэвтэн эмчлүүлж буй 53 хүн дундаа нэг суултуур хэрэглэдэг. Нэг орон дээр хоёр хүн, заримдаа шалан дээр хэвтүүлсэн тохиолдол ч гарсан” гэж ярьсан юм.
Улмаар СЭМҮТ-ийн дарга Г.Анхболдыг ажлаас нь чөлөөлж, түр орлон гүйцэтгэгчээр Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн дарга Г.Ууганцэцэгийг томилсон. Тэрбээр өчигдөр ажлаа хүлээн авсан байна. Г.Анхболдыг өнгөрсөн оны есдүгээр сард Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан томилсон юм. Өөрөөр хэлбэл, Г.Анхболд нь СЭМҮТ-ийг нэг жил удирдсан бөгөөд өмнө нь УНТЭ-ийн Уушги, харшил судлалын төвийн их эмчээр ажиллаж байв. СЭМҮТ-тэй холбоотой дээрх зөрчлүүд таван жил гаруйн хугацаанд үргэлжилсэн тул өмнөх дарга нар ч холбоотой болохыг Ж.Чинбүрэн сайд яриандаа онцолно лээ. Бид мэдээллийн тэнцвэрт байдлыг хангах үүднээс СЭМҮТ-ийн дарга асан Г.Анхболдоос зарим зүйлийг тодруулсан юм.
Г.АНХБОЛД: САНХҮҮТЭЙ ХОЛБООТОЙ ЗӨРЧИЛ ИЛЭРСНИЙГ АТГ-Т МЭДЭЭЛСЭН ХҮН НЬ БИ
-СЭМҮТ-ийн дарга нар хуйвалдаж, 478 сая төгрөгийг хувийн дансандаа авсан гэх мэдээллийг Эрүүл мэндийн сайд өглөө. Энэ тухайд та юу хэлэх вэ?
-Би 2024 оны есдүгээр сард ажлаа хүлээж аваад аравдугаар сарын 29-нд СЭМҮТ-ийн хэвтэн эмчлүүлэх тасгийн ор хоногийн төлбөртэй тусламж, үйлчилгээнд хяналт шалгалт хийх удирдамж гаргасан юм. Үүнийхээ дагуу хяналт шалгалтын ажиллагаа явуулахад 156 сая төгрөгийн зөрчил урьдчилсан байдлаар илэрсэн. Нэг жилийн хугацаанд ийм зөрчил илэрч байгаа юм чинь өмнөх жилүүдэд ч асуудал бий байх гэж бодоод гарсан зөрчлийн талаарх мэдээлэл, нотлох баримтыг өнгөрсөн арваннэгдүгээр сарын 14-нд АТГ-т албан бичгээр явуулсан. ЭМЯ-нд ч мөн хүргүүлсэн юм. Үүний мөрөөр ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас өнгөрсөн нэгдүгээр сард шалгалтын ажиллагаа явуулсан. Энэ асуудлыг би өөрөө анх илрүүлж тавьсан гэсэн үг. “Эрүүл монгол хүн” хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүжилтийн эрхийг 2025 онд манай төвд шилжүүлсэн. Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу явж байсан үйл ажиллагааг бид хэвээр нь үргэлжлүүлсэн. Нэг ч хүн шинээр нэмж аваагүй. Дараа нь эрх шилжүүлэх тушаалыг хүчингүй болгосон юм билээ. Энэ талаарх тушаалыг манай байгууллагад албан ёсоор мэдэгдээгүй.
-Зөвхөн удирдлагын багтаа урамшуулал олгосон тухай асуудал яригдсан.
-Урамшууллыг зөвхөн удирдлагын багт олгодоггүй. Нийт ажилтанд олгодог үр дүнгийн урамшуулал 56 хувь байсныг 60 хувь болгож нэмсэн. Өмнөх удирдлагууд яаж ажиллаж, хэрхэн явж ирснийг би мэдэхгүй. Миний хувьд ор хоногийн төлбөр гэж кассанд бэлэн мөнгө авдгийг болиулах зорилгоор шалгалт явуулсан юм. Үүний дараа эмнэлгийн тусламж, үйлчилгээний орлого 20-30 хувиар нэмэгдсэн.
-Байнгын хэвтэн эмчлүүлдэг үйлчлүүлэгчид хоол тэжээлийн дутагдалтай, тураалтай, нэг орон дээр хоёр хүн хэвтдэг гэх юм. Тусламж, үйлчилгээг сайжруулахад яаж анхаарсан бэ?
-Манай эмнэлгийн дэд бүтэц тааруу. Байрнууд нь хуучирсан. Шинэ эмнэлэг барих шаардлагатай. Зураг төслийг нь эхлүүлээд, хөрөнгийг нь улсын төсөвт суулгуулахаар хөөцөлдөж байсан юм. Өрөөнүүд 20-30 жилийн өмнөх модон ортой. Үүнийг нь солихоор ажиллаж байсан. Эмнэлгийн байрыг шинэчлэхгүй бол энэ байдал өөрчлөгдөхгүй.
-Эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл илэрсэн талаар мэдээлсэн. Таныг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа юу?
-Үгүй.
-Та Удирдах зөвлөлдөө мэргэжлийн бус хүмүүс ажиллуулсан юм уу?
-Эмнэлгийн даргаар ирснээс хойш тусламж, үйлчилгээтэй холбоотойгоор нэг ч хүн солиогүй. Хүний нөөцийн албаны даргаар хуульч, Үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал заавал сэтгэцийн эмч байх албагүй, өмнө нь ГССҮТ-д удирдах албан тушаалд ажиллаж байсан туршлагатай хүнийг авсан. Санхүүгийн албаны дарга нь мэдээж санхүүч мэргэжилтэй.
-Тэгвэл таныг ямар асуудлаар ажлаас тань чөлөөлсөн гэж үзэж байна?
-“Эрүүл монгол хүн” хөтөлбөртэй холбоотой асуудлаар ажлаас чөлөөлсөн гэх тайлбар хэлсэн. Түүнээс эмнэлгийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар чөлөөлөөгүй.
Сэтгэцийн тулгамдсан асуудалтай хүмүүст тусламж, үйлчилгээ үзүүлдэг улсын ганц төв эмнэлэг нь иймэрхүү байдалтай байна. Ийм бусармаг явдал гэнэт бий болоогүй, бүр ужгирсан нь олон баримт, жишээнээс харагддаг. Тухайлбал, 2021 онд ХЭҮК-оос СЭМҮТ-ийн даргад шаардлага хүргүүлсэн байдаг. Үүнээс дурдахад, 2021 онд тус эмнэлэгт 20-60 насны 11 эмчлүүлэгч нас барсныг бүртгэсэн бөгөөд тэдний тав нь эмгэг судлалын шинжилгээгээр тураал, бүдүүн гэдэсний түгжрэл, цус эргэлтийн цочмог хямрал, тэжээлийн дутагдал, бөөрний сувганцрын тархмал үжил гэсэн оношоор нас барсныг баталгаажуулжээ. Харин таван хүний оношийг батлуулсан, эсэх мэдээлэл олдоогүй гэнэ. Эмчлүүлэгчид нас барсан талаарх эх сурвалжийн мэдээлэл нэг мөр бус, зөрүүтэй байгааг дурдсан байна. Мөн Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланд тус эмнэлэгтэй холбоотой олон зөрчлийг арилгуулах талаар зөвлөмж хүргүүлсэн байдаг. Энэ мэт олон шаардлага, зөвлөмжийг тус эмнэлгийн удирдлагад хүргүүлдэг ч үүний мөрөөр арга хэмжээ авсан, эсэхийг нягталж, шалгалгүй өдий хүрчээ. Салбарын сайд нь болоод хоёр ч сарын нүүр үзээгүй байгаа Ж.Чинбүрэн СЭМҮТ-д бугшсан олон асуудлыг өөрөө илчилсэн “баатар” мэтээр гэнэт гарч ирсэнд гайхах хүн цөөнгүй байна.
Улсын эмнэлэг ийн “мөнгө угаах машин” болж, олон хүний эрхийг ноцтой зөрчиж буйг ил тод ярьсныг сайшаах хүн байхад нөгөө хэсэг нь улс төр, ашиг сонирхлын “тоглолт” гэж хардаж байгааг нуух юун. Учир нь сайдын суудалд залрангуутаа өмнөх сайдын томилсон улсын эмнэлгийн дарга нарыг ээлж дараалан “намнах” болсон юм. Тухайлбал, Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайханы томилсон, ХСҮТ-ийн дарга М.Адилсайханыг Ж.Чинбүрэн эрх мэдлийнхээ хүрээнд эх барих, эмэгтэйчүүдийн зөвлөх эмч Ц.Батболдоор сольчихсон. Энэ удаагийн томилгоо нь ч мөн эргэлзээ төрүүлж буй. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн даргын ажлаа гүйцэтгэж явсан хүнийг СЭМҮТ-д “дуудсан” нь хачирхалтай. Ж.Чинбүрэн СЭМҮТ-д бугласан “идээ бээрийг” үнэхээр шахах гээд байна уу, эсвэл өөр санаархал өвөрлөв үү гэдгийг харах л үлдэж.