Таримал ургамлын биологийн хөгжлийн үе шаттай уялдуулан 2025 оны ургацын нөөц тогтоох ажлыг энэ сарын 15-20-нд зохион байгуулахаар төлөвлөж буйг ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас мэдээллээ. Энэ жил улсын хэмжээнд нийт 302.3 мянган га талбайд үр тариа тариалсны 58.5 хувь буюу 182.2 мянган га нь гангийн эрсдэл өндөр Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт хамаарч буй бол 16.2 хувь буюу 50.5 мянган га нь Хэнтий, Дорнод, Сүхбаатарт, 4.8 хувь буюу 15.1 мянган га нь баруун бүсэд харьяалагдаж байгаа гэнэ. Үүнд үндэслэн гаргасан урьдчилсан тооцоогоор манай улс 2025 оны намар олон жилийн дунджаас бага ургац авах нь тодорхой болоод буй аж.
Газар тариалангийн нийт бүтээгдэхүүн буюу үр тариа, улаан буудай, төмс, хүнсний ногоо, техникийн ургамал, таримал тэжээл зэргийг энэ онд нийт 554.2 мянган га-д тарьжээ. Энэ нь өмнөх жилийн мөн үеийнхээс 6.4 хувиар буурсан үзүүлэлт бөгөөд төрлөөр нь авч үзвэл улаан буудайн тариалалт хамгийн их хэмжээгээр буюу 50 мянган га (15 хувь)-гаар багасжээ.
Ж.Сувд