“Сэлбэ” дэд төвийн тендертэй холбоотой асуудлаар Монголын барилгачдын нэгдсэн холбооныхон өчигдөр мэдээлэл өглөө. Тус холбооныхон “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8.3-т захиалагч ажлын хувьд 30, бараа, материалынх бол нэг тэрбум, үйлчилгээний сонгон шалгаруулалтад 300 сая төгрөгөөс дээш төсөвт өртөгтэй тендер зарласан бол гадаадын этгээд оролцохыг үл хориглоно гэсэн заалт бий. Өөрөөр хэлбэл, 30 тэрбумаас дээш үнийн дүнтэй бүтээн байгуулалтад гадаадын компаниуд оролцох эрхтэй. Гэтэл “Сэлбэ” дэд төвийн есөн давхар нэг орон сууцыг барих төсөв 16 тэрбум. Тэгэхээр хоёр барилга барихын тулд заавал олон улсын тендер зарлах ёстой гэсэн үг. Энэ бол дотоодын компани, үндэсний аж ахуйн нэгжүүдийн өсөж, дэвших боломжийг хязгаарласан хууль. Үүнээс үүдэн өдгөө хэл ам татлаад буй БНХАУ-ын компаниуд Монголд үйл ажиллагаа явуулсаар байна. Өнгөрсөн удаад зарласан тендерт 15 хятад компани оролцсон. Энэ сарын 14-нд зарлах тендерт ч дахиад 20-30 хятад компани орж ирнэ. Учир нь манай тендерийн хууль үндэсний аж ахуйн нэгжүүдээ илт үгүйсгэж байна шүү дээ. Тиймээс бид эл хуульд заасан үнийн дүнг 500 тэрбум болгож нэмэгдүүлэх саналаа Сангийн яам болон бусад худалдан авах ажиллагааны газарт хүргүүлсэн” гэсэн юм.
У.Цэцэг