СЭМҮТ-д хийсэн хяналт шалгалтаар олон ноцтой зөрчил илэрснийг хууль хяналтын байгууллагаар шалгуулж байгаа талаар Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн мэдээлэл өглөө. Тэрбээр, "СЭМҮТ-ийн төлбөртэй тусламж, үйлчилгээний талаар иргэнээс АТГ-т гомдол ирүүлснийг шалгуулахаар ЭМЯ-нд шилжүүлсний дагуу ЭМЯ-ны хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас санхүүгийн хяналт шалгалт хийсэн. Шалгалтаар гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал тогтоогдсон тулд ЦЕГ-тай хамтарсан шалгалтыг 2025 оны 2-р сарын 25-наас 3-р сарын 24-нийг хүртэл хийсэн байна. Хяналт шалгалтаар дараах зөрчлүүд илэрчээ. Тухайлбал,
- Төлбөртэй тусламж үйлчилгээ авсан иргэнд төлбөр төлсөн баримт өгдөггүй. Үйлчлүүлэгч эрүүл мэндийн байгууллагын данснаас өөр дансанд төлбөр төлөхийг хориглосон журмыг удаа дараа зөрчсөн байна.
- 2022-2024 онд цахим бүртгэлд бүртгэлд бүртгэгдсэн төлбөртэй тусламж үйлчилгээний орлого болох 527.8 сая төгрөгийн ор хоногийн төлбөрийг иргэдийг цагтаа ирээгүй, өөрөөр хэлбэл эмнэлэгт хэвтээгүй гэж цуцалжээ. Өөрөөр хэлбэл, иргэд эмнэлэгт хэвтэж, орны төлбөр төлсөн байхад “хэвтээгүй” хэмээн бүртгэлийг цуцалсан. Цагтаа ирээгүй гэх мэт шалтгаанаар хэвтээгүй хэмээн бүртгэж, иргэдийн төлсөн төлбөрийг 24 цагийн дотор эмнэлгийн данснаас гаргаж авдаг зөрчил илэрсэн. Ийм замаар 478. 9 сая төгрөгийг цуцлалт хийж, СЭМҮТ-ийн дарга нар ажилтнуудтайгаа хуйвалдан бэлнээр болон хувийн данс руу шилжүүлж авдаг нь тогтоогдож, одоо эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
- Энэ нь 5-аас дээш жил үргэлжилж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээний чанарт сөргөөр нөлөөлж, үнэнчээр зүтгэж буй эмч, ажилчдын сэтгэл зүрхийг мохоож, ажлын байраа орхих хэмжээнд хүргэж байна. Эмч нарт урамшуулал шагнал болгож өгч чадахгүй өөрсдөө авдаг байна.
Мөн 2025.06.30 болон 2025.07.04-нд нэр бүхий иргэд Эрүүл мэндийн сайд болон АТГ-т хандан СЭМҮТ-ийн удирдлагын үйл ажиллагаа, сонгон шалгаруулалт, эмнэлгийн тусламж үйлчилгээ, “Эрүүл монгол хүн” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбоотой гомдол ирүүлсэн. АТГ-аас ЭМЯ руу шилжүүлсэн. Үүний дагуу 2025 оны 07.08-25-ны өдрүүдэд хяналт шалгалт хийхэд дараах зөрчлүүд илрэв.
- “Эрүүл монгол хүн” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр 1.3 тэрбум төгрөгийг СЭМҮТ-д 2024.04.04-ний өдрөөс шилжүүлсэн ч арга хэмжээний нарийвчилсан төлөвлөгөө батлаагүй. Тэгсэн атлаа “Эрүүл монгол хүн” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүний нөөцийн сонгон шалгаруулалт хийхгүйгээр Сэтгэц, нийгмийн сэргээн засах төвийн ажилтан гэх 14 иргэнтэй СЭМҮТ-ийн захирал хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан. Гэвч энэ 14 хүний тав нь сэтгэцийн эмч, сэтгэл судлаач, ес нь зам гүүрний техникч, барилгын инженер, орчуулагч зэрэг мэргэжлийн бус хүмүүс байжээ. Тэдэнд санхүүжилтийн эрх шилжүүлсэн тушаал гарахаас өмнө 1-3 сарын цалинд 70.7 сая төгрөг олгосон байна. Мөн санхүүжилтийн эрх шилжүүлсэн тушаал хүчингүй болсон 2025.06.12-ноос хойш 238 сая төгрөгийн 40 гүйлгээ гаргасан байна.
- Сэтгэц, нийгмийн сэргээн засах төв нь улсын бүртгэлд бүртгэлгүй болох нь тогтоогдсон. Гэвч энэ төвд ажлын байр түрээсэлж өгөхөөр СЭМҮТ-д ажилладаггүй О гэж хүн гэрээ хийсэн.
- Зарим удирдах албан хаагчдыг сонгон шалгаруулалтгүйгээр томилж, 24.9 сая төгрөгийг нэмэгдэл болгож олгожээ.
- Төрийн хэмнэлтийг хуулийг зөрчиж олон зөвлөх ажиллуулж, 22.4 сая төгрөгийг цалин болгож өгчээ.
- Насанд хүрэгчдийн хэвтүүлэн эмчлүүлэх тасагт 10 эмэгтэй, 15 эрэгтэйд нэг суултуур байх стандарттай. Гэвч СЭМҮТ-ийн тасгууд 53 ортой боловч, 53 хүн дундаа нэг суултуур хэрэглэдэг. Заримдаа нэг орон дээр хоёр хүн хэвтрүүлдэг. Зарим тохиолдолд газар хэвтүүлдэг. Мөн тус байгууллагад бэлгийн дарамт байна. Эцэст нь хэлэхэд 500 сая буюу хагас тэрбум төгрөгийг өвдсөн, эмнэлгээсээ хулгайлсан бүлэг этгээдүүдийг Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Өнөөдөр СЭМҮТ-ийн удирдлагыг сольж байна" гэв.