Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны харьяанд сэргээн байгуулсан “Аялал жуулчлалын хөгжлийн төв” ТӨААТҮГ-ыг татан буулгах шийдвэрийг Засгийн газраас гаргажээ. Төрийн хэмнэлт, төсвийн үр ашигтай зарцуулалтыг дэмжих, чиг үүргийн давхардлыг арилгах бодлоготой холбоотойгоор ингэж шийдвэрлэсэн байна.
Тус төвийг анх 2017 онд салбарын яамны харьяанд байгуулж, долоон жил ажиллуулаад татан буулгасан ч жил гаруйн дараа буюу энэ оны тавдугаар сард 30 гаруй хүний орон тоотойгоор дахин байгуулахаар шийдвэрлэсэн юм. Үр ашиггүй ажил¬ласан, үйл ажиллагаа явуулах шаардлагагүй гэдэг үндэслэлээр татан буулгасан бүтцийг дахин байгуулахаар болсныг “Өнөөдөр” сонин 10 хүрэхгүй хоногийн өмнө “Аялал жуулчлалыг хөгжүүлэх төв”-ийг ахин байгуулж, дахин ивээх шийдвэр” нийтлэлээрээ хөндөж, эсэргүүцсэн. Тэгвэл энэ асуудал холбогдох албан тушаалтнуудын анхааралд орсноор төрийн бас нэгэн данхар бүтцийг хумих шийдвэрт хүрчээ.
Өнгөрсөн зургаадугаар сард Яармагт ашиглалтад оруулсан Аялал жуулчлалын сургалтын төвд “Аялал жуулчлалын хөгжлийн төв”-ийг төвхнүүлэхээр төлөвлөж, тус газарт ажиллах менежер, мэргэжилтнүүдийн сонгон шалгаруулалтыг ССАЖЗЯ-наас дөнгөж уржигдархан зарлаад байсан юм. Тэгвэл дээрх шийдвэртэй холбоотойгоор уг сонгон шалгаруулалтыг ч мөн цуцалжээ.
Ж.Сувд