Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл өчигдөр хуралдав. Тус зөвлөлийн гишүүдтэй Ерөнхий сайд уулзаж, бизнес эрхлэхэд ээлтэй, хөрөнгө оруулалт татахад чиглэсэн суурь өөрчлөлт хийхийн тулд хувийн хэвшлийнхний байр суурийг сонсон, улмаар Татварын багц, Баялаг бүтээгчдийг дэмжих тухай зэрэг хуулийн төсөл боловсруулж, УИХ-д өргөн барихаар төлөвлөж буйгаа мэдээлсэн байна. Уулзалтад МҮХАҮТ, Монголын бизнесийн зөвлөл, Монгол дахь Америкийн худалдааны танхим болон томоохон бизнес эрхлэгчид, санхүү, эдийн засгийн салбарын эрдэмтэн, судлаачдын төлөөлөл оролцсон аж. Хууль, эрх зүйгээ илүү боловсронгуй, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын орчин нөхцөлд тохируулж өөрчлөхийн чухлыг тэд хэлж байв. Мөн аж ахуйн нэгж, байгууллагуудад хүндрэл учруулж буй нийгмийн даатгалын тогтолцооны гажуудлыг засаж, НӨАТ-ын тухай хуулийг тэгш хүртээмжтэй хэрэгжүүлэх хэрэгтэй гэсэн юм.
УИХ-ын намрын чуулганд өргөн барихаар боловсруулж буй хуулийн төслүүдийг тус зөвлөлийн гишүүдэд танилцуулж, саналыг нь дахин сонсохоор болсон байна. Хэрэв бизнес эрхлэгчид, судлаачдын гаргасан саналыг төсөлд оруулаагүй бол шалтгааныг нь эргэж мэдээлж байхыг Ерөнхий сайд Сангийн сайд Б.Жавхланд даалгав. Цаашид тус зөвлөлийн үйл ажиллагааг байнгын болгож, саналыг нь сонсон, бодлого, шийдвэрт тусгах талаар анхаарах гэнэ.
С.Уул