УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан баталж, байнгын хорооны тоог 13-аас найм болгон цөөлсөн билээ. Үүний дагуу Өргөдлийн байнгын хороог шинээр байгуулж, Аж үйлдвэржилтийн болон Инновац, цахим бодлогын байнгын хороог Эдийн засгийн байнгын хороонд нэгтгэсэн юм. Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороог Нийгмийн бодлогын, Ёс зүй, дэгийн байнгын хороог Төрийн байгуулалтынхад багтаажээ. Татан буугдсан байнгын хороодыг дэд хороо болгон өөрчилж, даргаар нь УИХ-д анх удаа сонгогдсон, шинэ гишүүдийг томилсон.
Хуулийн дээрх өөрчлөлтийн дагуу байнгын болон дэд хорооны бүрэлдэхүүнийг шинэчилсэн аж. Зарим байнгын хорооны гишүүний тоо цөөн, зарим нь олон байсныг “тэнцүүлж” хуваарилсан байна. УИХ-ын тухай хуулийн дагуу нэг байнгын хороо 32 хүртэлх гишүүний бүрэлдэхүүнтэй байх аж. Ингэхдээ Төрийн байгуулалтын болон Төсвийн байнгын хороонд “давхар дээл”-тэй гишүүний тоог хоёроор хязгаарлажээ. Бусад зургаан байнгын хороонд сайд гишүүдийг гурваас илүү оруулахгүйгээр шийдвэрлэсэн байна.