Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын офицер, ахлагч албан тушаалд тусгай шалгалт зарлаж буй талаараа цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Шалгалтад оролцох сонирхолтой иргэний хүсэлт, холбогдох баримт бичгийг өчигдрөөс эхлэн энэ сарын 22-ны 17.00 цаг хүртэл цахимаар хүлээн авах аж. Тодруулбал, их, дээд сургууль төгссөн, бакалавр, түүнээс дээш боловсролын зэрэгтэй иргэдийг мөрдөгч, хэсгийн байцаагч, эргүүлийн офицер албан тушаалд сонгон шалгаруулах юм байна. Харин бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой иргэдийг ахлагч албан тушаалд, эрүүл мэнд, цахилгаанчин, радио холбоо, мэдээлэл, технологийн инженер, сэтгэл зүйч, их өгөгдөл, дата аналитик, хиймэл оюун, тогооч, санхүүгийн мэргэжилтэй хүмүүсийг офицер албан тушаалын сул орон тооны тусгай шалгалтад өрсөлдөхийг урьжээ.
18 насанд хүрсэн Монгол Улсын иргэн, гэмт хэрэг үйлдэж, ял шийтгэгдээгүй, улс төрийн нам, эвсэл, холбооны гишүүн бус, цэргийн алба хаасан, бие бялдрын зөв хөгжилтэй, сэтгэцийн өөрчлөлтгүй, биеийн ил харагдах хэсэгт шивээсгүй, эрэгтэй 170, эмэгтэй 165 см-ээс доошгүй өндөртэй бол шалгаруултад оролцож болох нь.
Ч.Цэлмэг