“Оюутолгой” ХХК энэ оны хоёрдугаар улирлын тойм мэдээгээ танилцууллаа. Тодруулбал, тус компани эхний хагас жилд 152 мянган тонн зэс үйлдвэрлэж түүхэн дээд амжилт тогтоосон байна. Энэ нь гүний болон ил уурхайн үйл ажиллагаа өндөр гүйцэтгэлтэй байгааг харуулж буй хэмээн тэд тайлбарласан. Мөн нийт 1263.4 мянган тонн баяжмал үйлдвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 47 хувиар өссөн үзүүлэлт аж.
Түүнчлэн эл компани тавдугаар сард гүний уурхайгаас газрын гадарга руу нэг өдөрт дунджаар 37 мянган тонн хүдэр олборлож байсан бол дөрөвдүгээр сард 47 мянган тоннд хүргэсэн нь дээд хэмжээ болсон гэнэ. Харин эхний хоёрдугаар улиралд 97.5 мянган унц алт үйлдвэрлэсэн нь ил уурхайн олборлолтын дарааллаас шалтгаалан хүдрийн агуулга нэмэгдсэнтэй холбоотой гэв. Тус компани 2010 оноос хойш татвар, хураамж, бусад төлбөрөөр дамжуулан 13.1 их наяд төгрөг төсөвт төвлөрүүлээд буй. Оны эхний хагас жилийн үйлдвэрлэлээрээ зэс, алт, баяжмалын гарцын хэмжээгээр багагүй амжилт гаргасан нь гүний уурхайн олборлолт тогтворжиж буйг харуулсан үзүүлэлт боллоо хэмээн шинжээчид дурдсан юм.
Д.Хэрлэн