Баянзүрх дүүргийн XI хорооны Хонхор тосгонд нийслэлийн 64 дүгээр цэцэрлэгийг ашиглалтад оруулжээ. Тус цэцэрлэгийг төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагынхан хамтран барьсан байна. Өөрөөр хэлбэл, НҮБын Хүүхдийн сан, БНСУ-ын Хүүхдийн сан, “И-Март” худалдааны төв,Баянзүрх дүүргийн ЗДТГ-ынхан хамтран хөрөнгө оруулснаар тус тосгоны 112 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмших боломжтой болжээ. Мөн ногоон технологиор барьсан, нарны цахилгаан үүсгүүртэй цэцэрлэг гэдгээрээ давуу талтай аж. Цахилгаан тасарсан ч хоёр өдөр алзахгүй гэнэ. Энэхүү жишиг барилга нь боловсролын донор байгууллагуудаас хөрөнгө оруулалт татах, бусад төсөл, арга хэмжээнд хэрэгжүүлэхүйц нэн ач холбогдолтой туршлага болж буйг Боловсролын сайд онцолсон юм.
Ташрамд, 2025-2026 оны хичээлийн жилд нийт 14 мянган хүүхдийн суудалтай 20 гаруй сургууль, 7500 ортой 40 орчим цэцэрлэг, 3640 хүүхдийн багтаамжтай 10 гаруй бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг барихаар төлөвлөжээ. Өнгөрсөн сарын байдлаар дөрвөн сургууль, зургаан цэцэрлэг, мөн тооны бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, нэг спорт заалыг ашиглалтад оруулсан байна.
Ч.Болор