Манай улсад болж бүтэж, баригдаж, шийдэгдэж байгаа юм хөшөө, хаалга хоёроос өөр алга шив дээ. Бүх л салбар “элгээрээ хэвтэж”, тэр дундаа энэ улсын үнэт баялаг болсон монгол хүний эрүүл мэнд хөсөр хаягдаж, хөгшин, залуугүй өвдөх ч эрхгүй болжээ. Нийтээрээ эрүүл мэндийн даатгал төлөөд ч улсын эмнэлгүүд нь төсөвгүй хэмээн аргаа барахдаа зарим тасгаа хааж, өр ширэндээ баригдан, ороох боох материалгүй шахуу болтлоо дампуурч байгаа сурагтай. Удирдлагууд нь ч эмч, ажилчдынхаа цалин хөлсийг хасах арга сүвэгчилж, даатгалаас “сохор зоос” хялайлгасангүй хэмээгээд иргэдийн халаасыг “тэмтэрч” суух болсон гэнэ. Зарим эмнэлгийнхэн цалингаа тавьж хүчрэхгүй болсон тухай мэдээлэл нийгмийн сүлжээнд цацагдсан ч эхнээс нь няцааж байгаа бололтой.
Эрүүл мэндийн даатгалын сан (ЭМДС)-гийнхан өнгөрсөн оны аравдугаар сараас дампуурлаа зарлаж, иргэдийг “2025 оны төсөв батлагдтал битгий өвдөөрэй, эмчлэх зардал байхгүй шүү” хэмээн ширэн нүүрлэн гуйж байсныг нь сануулах хэрэгтэй. Тэгвэл сангийн 2025 оны төсөв өнгөрсөн жилийнхээс нь нэмэгдэж батлагдсан байхад аль эрт “модоо барьцгаасан” нь хачирхалтай. Тодруулбал, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-ынхан өнгөрсөн зургаадугаар сараас эхлэн эмнэлгүүдийг дарамталж, энэ ч тусламж, үйлчилгээгээ цөөл, тэр ч эмчилгээгээ зогсоо, хэвтүүлэн эмчлэхээ багасга хэмээн лүндэн буулгах болсныг эмч нар ил цагаан хэлж, шүүмжилсээр ирсэн. Харин тус газрынхан ийм асуудал гарах бүрд гал намжаасаар өдий хүрэв.
ЭМДЕГ-ын дарга С.Энхболд “Эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийг хуваарийн дагуу гэрээт байгууллагуудад олгож байна. Энэ онд гэрээт эмнэлгүүдээс худалдан авах тусламж, үйлчилгээний тоо буураагүй” хэмээн мэдэгдсэн. Гэвч бодит байдалд тэнгэр, газар шиг ялгаатай байгаа юм. II, III шатлалын эмнэлгүүдэд хэвтүүлэн эмчилдэг зарим эмчилгээ бүрмөсөн зогссон, өндөр өртөгтэй буюу нарийн мэргэжлийн оношилгоо, шинжилгээнүүд тасалдаж, цөөн тоогоор хийж буй нь хүлээгдэл чирэгдэл маш ихтэй байгааг иргэд, эмч нар ч хэлсэн. “ЭМДС өнгөрсөн жил мөнгөгүй болчихсон хэмээгээд оны сүүлийн саруудад эмнэлгүүдийн санхүүжилтийг эрс танасан. Үүнээс болоод томоохон аппарат хэрэгслийн урвалж бодис, хангамж тасарсан. Өнөө жил нөхцөл байдал арай дээрдэх болов уу гэж нийтээрээ л найдсан боловч яг л бахь байдгаараа. Эвдэрсэн тоног төхөөрөмжөө ч засуулж чадахгүй, эмч, ажилтнууд ч цалингаа бүрэн авч чадахгүй байх нь олонтоо. Хэвлэлд энэ талаар ярьсан эмч, мэргэжилтнүүдийг айлган сүрдүүлж, хална солино гэж дарамталдаг. Иймэрхүү нөхцөл байдлаас болоод эмч, ажилчид хүртэл энэ салбараас олноор дайжих болсон доо” хэмээн эх сурвалж хэлэв.
“ДУУДЛАГЫН ЭХО”-ТОЙ ДҮҮРГИЙН ЭМНЭЛЭГ
Лавлагаа шатлалын буюу улсын том эмнэлгүүдийн зүрх нь болсон аппарат, тоног төхөөрөмжүүд ажиллахгүй, арайхийн “амьтай голтой” байгаа хэдэд нь үзүүлэх гэхээр дугаар дараалал энгийн иргэдэд олдохгүй. Олон хоног хүлээх зуур өвчин нь даамжирч, үхэх, сэхэхийн хооронд “мөлхөж” яваа иргэн цөөнгүй байна. Тухайлбал, иргэн С арван хоногийн өмнө тархиндаа цус харваснаа ч мэдэлгүй улсын эмнэлгийн MRI аппарат сулрахыг хүлээн, тэсэхээ байгаад хувийнхад өндөр төлбөрөөр уг шинжилгээг хийлгэж байж оношоо баталгаажуулсан байгаа юм. Шинжилгээнийхээ хариуг аваад, дүүргийн эмнэлэгтээ хэвтэхээр болоход эмч нь “Та хугацаа алдсан байна. Тархинд тань 2.4 см хэмжээтэй ишеми буюу цус хомсрох харвалт өгчээ. Харвалт болсноос хойш 8-12 цагийн дотор эмнэлгийн тусламж авахгүй л бол тархины эд эс дахин хэзээ ч нөхөн сэргэхгүйгээр үхэждэг. Тиймээс бид шинж тэмдгийг бууруулах, нэмж харвалт үүсэхээс сэргийлэх л эмчилгээ хийнэ” гэжээ. Өөрөөр хэлбэл, иргэн С улсын эмнэлэгт яаралтайгаар очоод MRI-д харуулж чадалгүй, хувийнхад хандан 48 цагийн дараа эмнэлгийн тусламж авсан гэнэ.
Ингээд ч болоогүй эмч нь “Харвалтын шалтгааныг тодруулахын тулд зүрхний ЭХО шинжилгээ хийлгэх шаардлагатай. Манайд ийм аппарат байхгүй. Харин дуудлагаар ирж үздэг хүн бий. Надаас утасны дугаарыг нь аваад, дуудчих” гэжээ. Ингээд иргэн С-ийн ар гэрийнхэн утасны дугаарын эзэнтэй холбогдсоноор “дуудлагын ЭХО” гэх үйлчилгээг нь авчээ. Эл үйлчилгээ нь нэг хүн үзүүлбэл 120, олон өвчтөн зэрэг оношлуулбал тариф нь 80 мянган төгрөг болж хямдардаг гэнэ.
Эмнэлгүүд аппарат, тоног төхөөрөмжийн дутагдалтай, байгаа хэдийнх нь урвалж бодисыг төр нь хангаж чадахгүйгээс ийм даварсан үйлчилгээ газар сайгүй “цэцэглэжээ”. Уг нь Эрүүл мэндийн тухай хуульд дүүргийн эмнэлгүүд долоогоос доошгүй тусламж, үйлчилгээ үзүүлнэ гэж заасан бөгөөд үүнд зүрх, судас, мэдрэл багтдаг юм. Хэддүгээр зуун билээ дээ, зүрхний ЭХО “дууддаг” дүүргийн эмнэлэг байна гэдэг эмгэнэл биш үү.
ӨНДӨР ӨРТӨГТЭЙ ОНОШИЛГООГ ХҮМҮҮСИЙН ХҮССЭНЭЭР ХИЙХ БОЛОМЖГҮЙ ГЭВ
Тэгвэл төв эмнэлгүүдийн тоног төхөөрөмжийн ашиглалт, ажиллагаа хэвийн явагдаж буй, эсэхийг Улсын I, II, III төв эмнэлгээс тодруулахад бүгд л үгссэн мэт хариулт өгсөн. MRI, CT, ангиографын оношилгоо, шинжилгээнүүдийг хэвийн хийж, хүлээгдэл 2-30 хоног байгааг хэлнэ лээ. Харин иргэд үүнийг үгүйсгэсэн. Эдгээр нарийн мэргэжлийн эмчилгээ, оношилгоог хийлгэхийн тулд үйлчлүүлэгчид цөөндөө 14-30, цаашлаад гурван сар хүртэл хүлээсэн ч тэр хооронд зарим эмнэлгийн аппарат хэрэгсэл нь ажиллахаа больсон байх нь бий гэнэ. “Нарийн мэргэжлийн аппарат, төхөөрөмжийн урвалж бодис үнэтэй тул хүмүүсийн хүссэнээр үйлчлэх боломжгүй. Санхүүжилтээс шалтгаалаад урвалж, оношлуур худалдан авахад хугацаа алдах, үйлчилгээ тасалдах тохиолдол үе үе гардаг. ЭМДЕГ-аас нэн шаардлагатай тусламж, үйлчилгээ, оношилгоо, шинжилгээнд квот тогтоохгүй гэж хэвлэлээр мэдээлсэн ч ачир дээрээ эмнэлгүүдэд дарамт үзүүлж, “Сард төчнөөн хүнийг л оношил, үгүй бол санхүүжилт олгохгүй” хэмээн шахаж байгаа нь ч үнэн. Үүнийг нь шүүмжлэхээр ажилгүй, амьдралгүй болгоно л гэдэг юм” хэмээн нэрээ нууцлагч нэгэн эмч ярилаа.
ЭМДЕГ-ынхан “Даатгалын сангийн гол зорилго нь нэг ч иргэний эмчилгээг тасалдуулахгүй байх явдал юм. Тиймээс эмнэлгүүдийн гүйцэтгэлд тулгуурласан төлөвлөлт, нэмэлт санхүүжилтийн уян хатан зохицуулалтыг бид хийсээр ирсэн. Нэн шаардлагатай тусламж, үйлчилгээнд бол хязгаарлалт тавихгүй” хэмээн саяхан мэдэгдсэн. Ингэж хэлээд удаагүй байтал улсын эмнэлгүүд эхнээсээ архаг хууч буюу зүрх, судасны өвчтэй, артерын даралт өндөртэй, чихрийн шижинтэй хүмүүсийг хэвтүүлэн эмчлэхээ зогсоосон талаараа мэдээлэх болсон. Улсын хоёрдугаар төв эмнэлэг гэхэд л өнгөрсөн сарын 18-наас “Архаг хууч өвчний оношийн квот дууссан тул энэ төрлийн тусламж, үйлчилгээг сар дуустал үзүүлэхгүй” гэсэн байв. Энэ талаар тодруулахад, “ЭМДЕГ-аас архаг суурь өвчтэй иргэдийн хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээний санхүүжилтийг бууруулсантай холбоотойгоор ийм шийдвэр гаргасан. Өмнө нь хүлээгдэл чирэгдэлгүй, тухайн сарынх нь санхүүжилт хүрэлцдэг байсан бол одоо квот нь байсхийгээд л дуусчихдаг болсон гэсэн үг. Тэдэн хүн тухайн сард хэвтүүлнэ гэсэн тоо бол тогтоогоогүй. Оношийн бүлэг, өвчний нэр, төрлөөс хамаарч санхүүжилтийг зарцуулаад дуусгадаг” гэсэн юм.
ИРГЭДИЙГ ӨВЧНӨӨР НЬ ЯЛГАВАРЛАЖ, ЭМЧЛЭХЭЭС ТАТГАЛЗСАНЫ УЧИР
Улсын II, III төв эмнэлэгт ч нөхцөл байдал адилхан. Эмч нар “ЭМДЕГ-ынхан аль болох архаг хууч өвчний оношоор иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлэхгүй байх бодлого баримталж байгаа. Иргэн хүсвэл төлбөрөө төлөөд хэвтэн эмчлүүлж болно. Ерөнхийдөө Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийнхөн сангаас зардлын төлбөрийг нь хариуцах тусламж, үйлчилгээний оношийн хамааралтай бүлгийн жагсаалт, төлбөрийн хэмжээг батлахдаа энэ мэт том алдаа олон гаргасан. Жишээ нь, чих, хамрын хурц, архаг ямар ч үрэвсэлт өвчний эмчилгээний төлбөрийг эмнэлгүүд даатгалаас нэхэмжлэх боломжгүй болсон. Тэгсэн хэрнээ өвчин нь хүндрээд нас барчихвал эмч нар “толгойгүй”. Ингэж онош зааж, санхүүжүүлэх нь алсдаа маш хортой. Мөнгөний төлөөх эмнэлгүүд бол “Таны наад өвчнийг илаарьшуулах заалт оношийн бүлэгт алга. Тиймээс энэ бүлэгт нь оруулаад эмчилчихье” гээд санхүүжилт авна. “Хүүхэд цөөн хэвтүүлэн эмчилсэн байна, нэхэмжлэл ахиу үүсгэхийн тулд өвчтөний тоог нэм” гэхийг сонсож л явлаа. Үүний үр дагаварт яах вэ гэхээр өвчлөлийн статистик худлаа гардаг болно. Анхан шатны эрүүл мэндийн байгууллагууд ч гэсэн туйлдаж байгаа. Үйлчлүүлэгчдийг зовуурийнх нь дагуух өвчин, эмгэгийн оношоор эмчлэх боломжгүй бол даатгалаас өгсөн кодыг тааруулах гэж үзэж тарна. Гэтэл хүн амын талаас илүү хувь нь архаг суурь өвчтэй, бүр хавсарсан эмгэгтэй байдаг. Манайх шиг иргэдээ өвчин зовлонгоор нь ялгаварлан гадуурхаж, зөвхөн квотод зааснаар л өвдөх ёстой гэдэг дампуу улс дэлхийн хаана ч байхгүй. Эцэст нь хэлэхэд, даатгалаас санхүүжилт авахын тулд эмч нараар бамбай хийж, оношийн бүлэг гэгчид тохируулж ажиллахыг нэн даруй зогсоох ёстой” гэсэн юм.
ГЭРЭЭТ БАЙГУУЛЛАГУУДАД САР БҮР 164 ТЭРБУМ ТӨГРӨГ ОЛГОНО
Эрүүл мэндийн салбарын нийт төсвийг энэ онд 2.2 их наяд төгрөгөөр баталсан нь түүхэнд байгаагүй өндөр үзүүлэлт байв. Төсвийг ийнхүү өндөр “суулгасан” нь ЭМДС-гийн өнгөрсөн хугацааны алдагдал буюу эмнэлгүүдэд үүссэн их өрийг төсвөөс нөхөх зорилготой байсан юм. Энэ нь ч биеллээ олж, эмнэлгүүдийн өрийг барагдуулан, өмнөх жилийн санхүүжилттэйгээ дүйсэн гэж ЭМДЕГ-ынхан мэдээлсэн. Өөрөөр хэлбэл, даатгуулагч та, бид сангийн өрийг төлөлцсөн ч, төсвийг нэмэгдүүлсэн ч тусламж, үйлчилгээнд өөрчлөлт огт гарсангүй. Сахил хүртээд шал дордов гэдэг шиг л болж.
Албаныхны “ЭМДС-гийн энэ оны төсвийн хуваарийг нарийвчлан батлуулсан. Нийт төсвийн дүнг тухайн жилд хуваагаад сар бүр 164 тэрбум төгрөг гэрээт байгууллагуудад олгохоор тогтсон. Хуульд заасны дагуу тодорхой тусламж, үйлчилгээнд тоо, хэмжээ заасан. Нэн шаардлагатай тохиолдолд бол квот хэтэрсэн ч даатгалаас санхүүжилт олгоно” гэх мэдэгдэл нь бодит байдалд ер батлагдахгүй байгаа юм. ЭМДЕГ-ынхны гүйцэтгэлийн санхүүжилт гэх дампуу систем нь татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй “урсгахад” л үйлчилдэг гэж хэлж болно.
Эрүүл мэндийн сайдыг хэдэнтээ солилоо, эмнэлгийн дарга нарыг ч толгой дараалан шинэчлэв, эл салбар сэхэл авсангүй ээ. Харин одоо жинхэнэ будилааны эзэд, худал хуурмагийн “туйл” болсон ЭМДЕГ-ынханд хатуу хариуцлага тооцож, бүтэц бүрэлдэхүүнийг нь шинэчилбэл яасан юм бэ. Өөр гарц ч үлдсэнгүй, өвчтэй иргэд туйлдаж гүйцлээ.
