Монгол Улсын 2026 оны төсвийн төсөлд санал авах танхимын ээлжит хэлэлцүүлэг өчигдөр Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яаманд болов. Сайд нар хуулийн хугацаанд багтаан салбарынхаа төсвийн саналыг Сангийн яаманд хүргүүлсэн. Тус яамнаас 1.5 их наяд төгрөгийн санал өгсөн ч Төсвийн тухай хуулийн дагуу “танагдаж”, 553.9 тэрбум төгрөгөөр хязгаарыг нь тогтоосон аж. Ийнхүү гурав дахин бууруулснаар хийхээр төлөвлөсөн төсөл, арга хэмжээ, хөрөнгө оруулалт, зардалд нь хүрэлцэхгүй байгааг ССАЖЗЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Ж.Отгонбат танилцуулгадаа онцлов. Тиймээс дутаж буй 758.7 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилтийг шийдэж өгөх хүсэлтээ тэд Сангийн яаманд өгчээ. Дээрх төсвөөс урсгал зардалд 412, хөрөнгө оруулалтад 141.9 тэрбум төгрөг хуваарилж буй юм. Байгалийн түүхийн музейн барилгыг Их тэнгэрт барьж буй бөгөөд үүний гурван блокийг ашиглалтад оруулахад л 302.9 тэрбум төгрөг шаардлагатай, гэтэл хөрөнгө оруулалтад хуваарилсан мөнгө нь нэг ч төслийг санхүүжүүлж хүрэхгүй байгааг тэрбээр хэлсэн. Тиймээс иргэд, байгууллага, судлаачдын төлөөллийн ажил хэрэгч санал маш чухал гэв.
Үүний дараа оролцогчид саналаа хэллээ. 2025 оны төсвийн тодотголоор төрийн албан хаагчдын орон тоог ихэнх төрийн байгууллагад есөн хувиар бууруулсан. Үүнтэй холбоотой мэргэжлийн холбоо, байгууллагуудаас нэлээд гомдол хэлэв. Төрийн үйлчилгээний албан хаагчдаас цомхотгохгүй гэсэн атлаа халах болсон, хэнийгээ явуулах вэ гэдгээс эхлээд зөрчил, асуудал үүссэн гэнэ. Халагдсан хүмүүсийн тэтгэмжээс эхлээд орон тоо хүрэлцэхгүйгээс тодорхойгүй нөхцөл үүсгээд буй аж. Зарим нь үйл ажиллагааны орлогоосоо гэрээт ажилтан авч ажиллуулж болох, эсэх зохицуулалт хийж өгөөч гэсэн санал хэлэв. Монголын хүүхэлдэйн театрын захирал З.Баянзул “Хүүхэлдэйн театрын жүжигчдийн орон тоо 10 байсныг дөрвөөр цомхотгосон. Монгол Ул сын хүн амын 1.5 сая нь хүүхэд. Гэтэл ийм орон тоогоор яаж хүүхдийн жүжгийг хүргэх вэ. Соёл урлагаар дамжуулан монгол хүүхдийг хүмүүжүүлнэ. Гэтэл барилга, байшин, цахилгаан байхад урлаг хэрэггүй гэж хандсаар ирлээ. Хүүхдүүддээ ивээлтэй хандаач” гэсэн юм.
Монголын тэшүүрийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Нарангэрэл “Өвлийн олимпыг үргэлж зуны олимпын ард тавьдаг. Мөн төсвийг олимпын жилд гайгүй өгдөг ч бусад үед нь танадаг. Гэтэл тамирчид дөрвөн жилийн турш бэлтгэлээ хангаж, эрхээ авдаг учраас төсвийг жигд тусгаж өгөөч” гэв. Монголын залуучуудын эвслийн дэд захирал З.Энхбаяр “Залууст зориулж барьсан спорт танхимуудыг өөрсдөд нь ашиглуулахгүй, түрээслээд байна” гэж шүүмжилсэн.
ССАЖЗЯ нь дөрвөн салбар нэгтгэсэн уч¬ раас мэргэжлийн холбоодын төлөөлөл уг хэлэлцүүлэгт олноороо иржээ. Тэд санал гэхээс илүү асуулт, гомдлоо түлхүү хэлсэн. Сангийн яамныхан төсөв өргөн барих хүртэл хугацаа бий учраас тэднийг сонсож, саналыг нь төсөвт тусгана гэдгээ хэлж байв.