Дэлхийн зах зээлд алтны үнийн өсөлт үргэлжилж, лхагва гарагт унц нь 5600 ам.долларыг давснаар түүхэн дээд түвшнээ дахин шинэчиллээ. Энэ оны эхнээс шар металлын ханш даруй 20 гаруй хувиар өссөн бол өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 65 хувиар өсөөд байна. АНУ-ын Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ хэвээр үлдээсэн ч ам.долларын ханш суларснаас үүдэн хөрөнгө оруулагчид алт буюу хатуу валют руу олноороо хошуурч эхэлсэн нь олон улсын зах зээлд шар металлын үнэ огцом өсөх суурь шалтгааны нэг болов. Дэлхийн тэргүүлэх эдийн засгийн мөнгөний бодлогыг тодорхойлох Холбооны нөөцийн банкны хувьд өнгөрсөн намар гурван ч удаа бодлогын хүүгээ зөөллөж, зах зээлд хүү буурах хүлээлт үүсгэсэн юм.
Алт бол хамгийн тогтвортой, үнэ цэнээ алддаггүй металл гэсэн тодотголтой ч эдийн засгийн нөхцөл байдал, цагийн аясаар ханш нь хэд дахин буурч, өсдөг хачин “араншинтай”. Тухайлбал, 2012 онд алтны ханш огцом өсөж, унц нь 2000 ам.доллар буюу түүхэн дээд түвшинд хүрсэн ч дараа жилээс нь тогтмол буусаар 1100 ам.доллар болтлоо уруудсан байдаг. Харин 2015 оноос буцаж өгссөөр таван жилийн хугацаанд 2000 ам.долларыг давж, түүхэн дээд амжилтаа шинэчилж байсан. Тэгвэл “Bloomberg Terminal” 2025 онд алтны ханшийг 1709-2727 ам.долларын хооронд хэлбэлзэнэ гэж үзсэн ч мэргэжлийнхний таамаглал хол зөрж, өнгөрсөн жил шар металлын үнэ 2-3 дахин өсөж 4500-ын босгыг давсан билээ.
Г.Сансар