Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2020 оны А/1172 дугаартай Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн талаар авах арга хэмжээний тухай тушаалыг хүчингүй болгосноор хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлага цөөрчээ. Өмнө нь энэ тохиолдолд тухай бүрд нь хяналтын улсын байцаагч нарын дүгнэлт гаргуулан, бүртгэл хөтлөх процесс зэрэгт хугацаа маш их алддаг байсан юм.
Улсын бүртгэлийн нэгдсэн тайлангаас үзэхэд 2020 оноос хойш иргэн, хуулийн этгээдэд 12 033 удаагийн үрэгдүүлсэн гэрчилгээг дахин олгох үйлчилгээ үзүүлжээ. Үүнээс газар өмчлөх эрхийн 5448, бусад үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 6585 гэрчилгээг дахин олгохдоо дээрх тушаалаар хүчингүйд тооцох асуудлыг зохицуулж ирсэн байна. Харин одооноос үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин олгохдоо улсын ерөнхий байцаагчийн байнгын шинжтэй ганцхан дүгнэлтийг л үндэслэх нь. Мөн иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг илүү шуурхай, хүртээмжтэй болгох зорилгоор гэрчилгээ үрэгдүүлсэн тохиолдолд дахин олгох хугацааг улам богиносгохоор холбогдох хууль, тогтоомжид өөрчлөлт оруулахаар санал боловсруулж буйгаа Улсын бүртгэлийн ерөнхий газрынхан хэллээ. Ингэснээр баримт бичиг “хөөцөлдөхөд” иргэдэд учирдаг цаг хугацаа, хөрөнгө санхүүгийн хүндрэл бэрхшээл багасах аж.
О.Ундрах