Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнгөрсөн баасан гарагт хуралдлаа. Уг хурлаар дотоодын эдийн засгийн нөхцөл, цаашдын төлөвт эерэг өөрчлөлт гарсан хэдий ч геополитик, гадаад орчны тодорхой бус байдлаас үүдэн бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. Өнгөрсөн онд хэрэгжүүлсэн мөнгөний бодлогын нөлөөгөөр инфляц буурч, энэ оны хоёрдугаар сарын байдлаар 6.5 хувь буюу зорилтот голч руу дөхсөн байна. Үүнд хүнснээс бусад бараа, үйлчилгээний үнийн өсөлт саарсан нь голлон нөлөөлсөн аж. Харин хүнсний бүтээгдэхүүний үнэ сүүлийн саруудад нэмэгдэж буй нь инфляцыг өсгөх ч Монголбанкны зорилтот интервалд байх боломжтой гэнэ. Гэхдээ Ойрх Дорнодод өрнөж буй мөргөлдөөн нь дэлхийн эдийн засгийн төлөв муудах, түүхий эдийн үнэ өсөх эрсдэлийг нэмэгдүүлж, тодорхой бус байдал бий болгон, инфляцыг хөөргөх эрсдэлтэй зэргийг Төвбанкнаас дурдлаа. Цаашид хэрэглээний үнэ, нийлүүлэлтийн шинжтэй хүчин зүйлс, гадаад, дотоод эдийн засгийн төлөвийг харгалзан мөнгөний бодлогын шийдвэрийг тухай бүр гаргах аж. Ташрамд дурдахад, бодлогын хүү 2022 онд зургаан хувь байсан бөгөөд шат дараатай нэмсээр 2025 оны гуравдугаар сараас 12-т хүрсэн байна.
С.Дулам