Монголын Хөрөнгийн биржийн ТОП-20 индекс сүүлийн гурван сар гаруйн хугацааны доод түвшиндээ хүрч буурлаа. Энэ оны эхээр жишиг индекс дээд түвшинд хүрч өсөөд байсан ч сүүлийн хоёр сарын хугацаанд унасаар өдгөө оргил цэгээсээ зургаан хувиар буураад буй юм. ТОП-20 индексэд багтдаг компаниудын тавынх нь хувьцааны ханш өсөлттэй байгаа бол бусад нь бүгд “Улаан бүс”-д арилжаалагдаж байна. Тухайлбал, “Премиум нэксус” ХК өнгөрсөн онд хувьцаагаа эргүүлэн худалдан авч, ханш нь огцом өсөөд байсан бол сүүлийн байдлаар ТОП-20 индексийн хамгийн өндөр уналттай хувьцаа болжээ. Түүнчлэн “ЛэндМН ББСБ” ХК, “Инвескор ББСБ” ХК зэрэг компанийн хувьцааны ханш он гарсаар 10 гаруй хувийн уналттай байгаа нь индексийн үзүүлэлтийг доош татаж буй аж. Он гарснаас хойш хөрөнгийн зах зээлд IPO хийсэн компаниудын дийлэнх хувьцаа ханшийн дарамтад орж, цөөн хэд нь өсөлттэй гарчээ.
Л.Ням