Засгийн газрын тогтоол болон нийслэлийн ИТХын шийдвэрийн дагуу олон нийтэд санал болгож буй “Нийслэл бонд”-ын анхдагч зах зээлийн арилжааг өчигдөр эхлүүллээ. Уг бонд нь гурван жилийн хугацаатай, жилийн 14 хувийн хүүтэй, нэг бүр нь сая төгрөгийн үнэлгээ бүхий 200 000 ширхэг үнэт цаас юм. Улмаар 200 тэрбум төгрөг татан төвлөрүүлж, “ДЦС-V” төслийн бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр төлөвлөсөн аж. Нөгөөтээгүүр, “ДЦС-V”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барихаар зорьж буй бөгөөд Камбожийн “Митайм интернэйшнл” компани тендерт нь шалгарч, нийт төсөвт өртгийг нь 658.5 сая ам.доллар хэмээн тооцсон. Үүнээс 20 хувийг нь буюу одоогийн ханшаар 468 орчим тэрбум төгрөгийг нийслэлийн ЗДТГ-аас хариуцах учиртай юм.
“Нийслэл бонд”-ын андеррайтераар “Эм Ай Си Си” үнэт цаасны компани ажиллаж байгаа бөгөөд цаашид томоохон мега төслүүдийн санхүүжилтийг хөрөнгийн зах зээлээс төвлөрүүлэхийг зорьж буйгаа МХБ-ээс мэдээллээ. Ташрамд дурдахад, Улаанбаатар хот 2024 онд 500 сая ам.долларын, өнгөрсөн жил 500 тэрбумтөгрөгийн бонд тус тус гаргаж, Бөөрөлжүүтийн станц болон автозамын засвар, шинэчлэлд зарцуулж байв.
С.Цэрэн