Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлөөс банкнуудын заавал байлгах нөөцийн хэмжээнд өөрчлөлт оруулснаа өчигдөр мэдээллээ. Тодруулбал, банкнуудын гадаад зах зээлээс 2026 оны аравдугаар сарын 1-нээс хойш татсан 1-3 жилийн хугацаатай валютын бонд болон зээлийн эх үүсвэрийн 25 хувьтай тэнцэх дүнг заавал байлгах нөөцөд хамруулахаар болжээ. Ийнхүү мөнгөний бодлогыг чангаруулсан нь дэлхийн эдийн засгийн төлөв тодорхой бус, эрсдэл өндөр байгаа ийм үед гадаад санхүүжилтийн зардал, хүртээмж богино хугацаанд “савлах”, хөрөнгийн урсгалын төлөвийг өөрчилж болзошгүйтэй холбоотой гэнэ. Мөн сүүлийн жилүүдэд банкны салбарын нийт эх үүсвэр дэх гадаад санхүүжилтийн хувь өсөж, зээлийг олон улсын эх үүсвэрээс нэмэгдүүлэх хандлага ажиглагдаж байгаа нь хөрөнгө оруулалтын гадаад хамаарлыг улам бүр нэмэгдүүлж буй аж. Тиймээс гадаад эх үүсвэрийг илүү урт хугацаатай, тогтвортой төлөвт шилжүүлэх, валютын болон хугацааны зөрүүг бууруулах зорилгоор дээрх шийдвэрт хүрснийг Төвбанкнаас мэдээллээ.
Ташрамд дурдахад, арилжааны банкнуудын төгрөг, валютын хадгаламжийн заавал байлгах нөөцийн хэмжээ одоогоор 13-18 хувь байгаа бол гадаад бонд, шинээр татсан валютын эх үүсвэрийн 25 хувийг Монголбанк “хадгалах”-аар боллоо.
С.Дулам