“Инвескор” хувьцаат компанийн хувьцааг 1:10 харьцаагаар хуваах стратегийн шийдвэрийг ТУЗөөс нь гаргаж, хувьцаа эзэмшигчдээрээ дэмжүүлжээ. Ингэснээр өдгөө зах зээлд байгаа 75.74 сая ширхэг үнэт цаас нь 757.4 сая болж нэмэгдэх аж. Ингэснээр компанийн үнэлгээнд шууд нөлөөлөхгүй ч зах зээлийн оролцогчдын хандлага, хөрвөх чадварт бодит өөрчлөлт оруулна гэж тооцжээ. Түүнчлэн нэгжийн үнийг бууруулж, жижиг хөрөнгө оруулагчдад илүү хүртээмжтэй болгох замаар арилжааны идэвхийг нэмэгдүүлэх зорилготой юм байна. Ташрамд дурдахад, Монголоос гадна Киргиз, Казахстанд салбартай “Инвескор”-ын хувьцааны ханш сүүлийн 52 долоо хоногийн дунджаар 8647.5 төгрөг байв. Харин өнгөрсөн баасан гарагт нэгж хувьцааг нь 8100 төгрөгөөр арилжсан бол зах зээлийнх нь үнэлгээ 580 орчим тэрбум төгрөгт хүрчээ.
С.Дулам