“Шинэ Монгол-3” сургууль “Тэнгэр капитал ҮЦК” болон “Ишизүэ” компанитай хамтран 13 тэрбум төгрөгийн санхүүжилт татан төвлөрүүлэх бондын анхдагч зах зээлийн арилжааг өчигдөр эхлүүлж, Монголын хөрөнгийн биржид цан цохих ёслол зохион байгууллаа. Боловсролын салбарт анх удаа таван жилийн хугацаатай гаргаж буй уг үнэт цаас нь жилийн 18-21 хувийн хүүтэй бөгөөд нэг бүр нь нэг сая төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 13 мянган ширхэг бондыг хөрөнгө оруулагчдад санал болгож байна. Энэ нь дотоодын хөрөнгийн зах зээлийн түүхэнд урт хугацаат эх үүсвэр бүрдүүлэх шинэ жишиг тогтоож буйгаараа онцлогтой юм.
Тус бонд нь 26 жилийн түүхтэй “Шинэ Монгол-3” сургуулийн мөнгөн урсгалын дарамтыг бууруулж, боловсролын шинэ соёл, сургалтын шилдэг арга барилыг нутагшуулах төслүүдийг үе шаттай хэрэгжүүлэх боломж олгож буй бөгөөд хөрөнгө оруулагчдад банкны хадгаламжаас өндөр өгөөж амлаж буйгаараа давуу талтай.
У.Цэцэг