Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх (ETF)-ийг биржээр дамжуулан арилжаалах анхдагч зах зээлийн арилжааг эхлүүлж, цан цохих ёслол өчигдөр Монголын хөрөнгийн биржид боллоо. Энэ нь Монголын хөрөнгийн зах зээлд шинэ төрлийн бүтээгдэхүүн хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын боломжийг төрөлжүүлэх, олон улсын зах зээлийн чиг хандлагыг дотоодынхтой уялдуулах чухал алхмын нэг болж буйг зохион байгуулагчид онцолсон.
Монголын хөрөнгийн биржийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ “Бид хөрөнгийн зах зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг олон улсын жишигт нийцүүлэн өргөжүүлэх, хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлэх, зах зээлийн хөрвөх чадварыг сайжруулах зорилтын хүрээнд томоохон шинэчлэлүүдийг үе шаттай хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хүрээнд “Хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх тусгай хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж, биржээр арилжаалагддаг хамтын хөрөнгө оруулалтын сан буюу ETF-ийн нэгж эрхийг Монголын хөрөнгийн биржийн арилжаанд ийнхүү нэвтрүүлж байна. “Голд трасс” санг үүсгэн байгуулж, алтанд суурилсан хөрөнгө оруулалтын шинэ бүтээгдэхүүний арилжааг анхлан эхлүүлж буй “Би Би Эс Эй ХОМК” ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлье” хэмээв.
Exchange Traded Fund буюу биржээр арилжаалагддаг хамтын хөрөнгө оруулалтын сан нь дэлхийд түгээмэл санхүүгийн бүтээгдэхүүн юм. Энгийнээр хэлбэл, сан нь алт эсвэл түүнтэй адилтгах хөрөнгө эзэмшинэ. Харин иргэд тэр сангийн нэгж эрхийг хувьцаа шиг Монголын хөрөнгийн биржээр авна, зарна. Алтны ханш нэмэгдвэл ETF-ийн үнэ дагаад өснө. Өөрөөр хэлбэл, та алтыг биет хэмжээгээр худалдан авч хадгалах бус, харин шар металлд хөрөнгө оруулсан сангийн тодорхой хувийг эзэмших сонголт зах зээлд нэмэгдэж байна гэсэн үг.
Г.Сансар