Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2026 оны эхний дөрвөн сард 10.2 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.2 их наядаар, тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ 8.9 их наяд болж, өнгөрсөн жилийнхээс 459.7 тэрбум төгрөгөөр тус тус өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Тэгвэл зарлага, эргэн төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 10.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 1.8 их наядаар нэмэгдсэн байна. Зарлага өсөхөд урсгал шилжүүлэг 328.5, хөрөнгийн зардал 877.7, бараа, үйлчилгээнийх 493.5 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн аж. Нийт зардалд урсгал шилжүүлэг 41.4, бараа, үйлчилгээнийх 34.7, хөрөнгийнх 15.4, хүүгийн зарлага 4.8, татаас 3.7 хувийг тус тус эзэлжээ.
Ингэснээр төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1.4 их наяд төгрөгийн алдагдалтай гарчээ. Өөрөөр хэлбэл, төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 10.2, тэнцвэржүүлсэн орлого, тусламж нь 8.9, нийт зарлага болон эргэн төлөгдөх цэвэр зээл 10.4 их наяд болж, тэнцэл дээрх дүнгээр алдагдалтай гарсан байна.
Түүнчдэн татварын нийт орлого 8.3 их наяд болж, өмнөх жилийн мөн үеийнхээс 344.5 тэрбум төгрөгөөр өсөхөд нийгмийн даатгалын орлого, нэмэгдсэн өртгийн албан татвар тэлсэн нь голлон нөлөөлсөн гэв. Харин орлогын албан татварын орлого 148.7, онцгой албан татварынх 108.3 тэрбум төгрөгөөр тус тус буурчээ.
О.Ундрах