Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ноос өнгөрсөн сарын хэрэглээний үнийн индексийг танилцууллаа. Энэ үеэр хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеийнхээс 11.2 хувиар өссөн төдийгүй дотоодын инфляц сүүлийн саруудад хоёр оронтой тоонд хэлбэлзэж буйг тодотгосон байна. Эл өсөлтийн 60 орчим хувийг хүнсний барааны үнийн хөөргөдөл дангаар бүрдүүлж байгаа юм. Мах, махан бүтээгдэхүүний ханш өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 46.7 хувиар, тэр дундаа үхэр, хонь, ямааны махны үнэ 50-иас дээш хувиар өсжээ. Тухайлбал, 1 кг үхрийн цул махны дундаж ханш өнгөрсөн сард 36 257 төгрөг хүрсэн нь хоёр жилийн өмнөхтэй харьцуулахад 70 гаруй хувиар нэмэгдсэн дүн болсон аж. Ташрамд, хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ Сүхбаатар аймагт 7.5 хувиар өссөн нь хамгийн бага, Сэлэнгэд 19.3 хувиар ихэссэн нь хамгийн өндөр үзүүлэлт гэнэ.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард инфляц 30 сарын дараа анх удаа 10 хувь давсан. Үүний дийлэнх нь хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбоотой. Иргэд энэ талаар “Өдөрт л 100 000 төгрөгөөр хүнс авч байна. Таван жилийн өмнө ийм мөнгөтэй дэлгүүр ороход тор дүүрдэг байлаа” хэмээн цахим орчинд байр сууриа илэрхийлж байв. Төвбанк мөнгөний хатуу бодлогын хүрээнд жилийн хүүгээ 12 хувьд хадгалж буй. Бодлогын хүү өсөхөөр арилжааны банкнуудын хадгаламжийн хүү нэмэгдэж, хүмүүс мөнгөө банканд хадгалах сонирхолтой болсноор зах зээл дэх бэлэн мөнгөний урсгал татарна гэж үздэг. Гэвч төсвийн тэлэлт, импортын хамаарал, түүхий эдийн үнээс шалтгаалан экспортын орлого буурч буй нь уг бодлогын үр нөлөөг сааруулж байгааг эдийн засагчид онцоллоо. Манай Засгийн газар инфляцыг ирэх онуудад таван хувьд барина хэмээн мэдэгдсэн билээ.
Д.Хэрлэн