“Монгол судлал: Уламжлал ба орчин үе” сэдэвт олон улсын монголч эрдэмтний XIII их хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор энэ сарын 10-13-нд зохион байгуулж байна. Энэ удаагийн хуралд 30 орны 570 гаруй монголч эрдэмтэн, судлаач оролцож байгаагаас хамгийн залуу нь 25, ахмад нь 92 настай аж. Хурлын хүрээнд монгол хэл, түүх, археологи, соёл, урлаг, утга зохиол, угсаатны зүй, уламжлалт мэдлэг ухаан, орчин үеийн нийгэм, гадаад харилцаа зэрэг чиглэлээр 17 салбар хуралдаан зохион байгуулж, 530 гаруй илтгэл хэлэлцүүлэх юм. Тухайлбал, ИБУИНХУ-ын иргэн, Кэмбрижийн их сургуулийн профессор Дэвид Андрю Снийт “Синоцентрик парадигмагаас гадна: Монголын түүх судлалын чиг хандлага” сэдвээр өчигдөр илтгэл хэлэлцүүлэв. Эл арга хэмжээний нээлтэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, монголчуудын угсаа гарал, түүх, хэл, соёл, аж амьдралыг шинжлэх ухааны онол, арга зүйд тулгуурлан судалж, үнэн бодит мэдээллийг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлж буй эрдэмтэн, судлаачдад төр, ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийлэв.
Мөн Төв Азийн цээжинд төр улсаа байгуулж, тулгар төрөө мандуулан, дэлхийн амар амгаланг төвшитгөж явсан өвөг дээдсийн түүх, баатарлаг гавьяа эрдэмтдийн судалгаа, шинжилгээний үр дүнд улам тодорч, түүхэн эх сурвалж арвижиж байгааг онцолсон юм. Тэрбээр “Дэлхийд монгол үндэстний үлдээсэн ул мөр, хүн төрөлхтний соёлын далайд бүтээсэн үнэт өвийг нээн илрүүлэх, судлан шинжлэх үйлсэд оюун ухаан, сэтгэл зүрх, хөдөлмөр зүтгэлээ зориулж ирсэн эрдэмтдийг дэмжих нь Монгол төрийн эрхэм үүрэг юм. Цаашид монгол судлалын уламжлалт салбаруудыг өргөтгөх, судалгааны үр дүнг түгээн дэлгэрүүлэх, олон улсын болон бүс нутгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, залуу судлаачдыг бэлтгэхэд онцгой анхаарах шаардлагатай. Ялангуяа олон улсын тэтгэлэгт хөтөлбөрүүдийг нэмэгдүүлж, үе үеийн эрдэмтдийн туршлагыг өвлүүлэх нь монгол судлалын хөгжил, тогтвортой байдлын баталгаа болно. Үүнээс гадна монгол хэл бичиг, түүх, соёлын үнэт өв, түүхэн баримтуудыг цахимжуулж, олон улсын судалгааны эргэлтэд оруулах, нээлттэй мэдээллийн сан бий болгох чиглэлээр улам идэвхтэй ажиллахыг хүсэж байна” хэмээв.
Мөн энэ үеэр Ерөнхийлөгчийн зарлигаар монгол судлалыг олон улсад хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, нүүдэлчдийн түүх, хэл, соёл, өв уламжлалыг дэлхий нийтэд сурталчлан таниулах үйлсэд онцгой хувь нэмэр оруулж буй эрдэмтдийг төрийн дээд цол, одон, медалиар шагнав. Тодруулбал, АНУ-ын Индианагийн их сургуулийн ахлах багш Л.Цэрэнчунтад Гавьяат багш цол хүртээсэн бол Орегоны их сургуулийн доктор, профессор Эстер Жэйкобсон-Тефер, Сөүлийн их сургуулийн Археологи, эртний урлагийн түүхийн тэнхимийн багш, доктор, профессор И Сонбуг тэргүүтэй 20 эрдэмтнийг “Алтан гадас” одонгоор шагнасан юм.
Түүнчлэн Австрийн иргэн, ШУА-ийн Нийгмийн антропологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор Мариа-Катарина Ланг, Миннесотагийн Метро стэйт их сургуулийн туслах багш, доктор Габриэль Бамана нарт “Найрамдал” медаль гардуулав. Ташрамд дурдахад, олон улсын монгол хэл бичгийн эрдэмтдийн анхдугаар хурал 1959 онд Улаанбаатар хотноо болж, 15 орны 40 гаруй эрдэмтэн оролцсон түүхтэй. Энэ нь монгол судлалыг хөгжүүлэх, судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэх суурь болсон гэдэг. Өнгөрсөн 12 удаагийн хуралд нийт 60 гаруй орны 4000 орчим эрдэмтэн оролцож, монгол хэл шинжлэл, түүх, археологи, антропологи, угсаатны зүй, шашин, соёл, олон улсын харилцаа зэрэг 20 чиглэлээр 3000 гаруй илтгэл хэлэлцүүлсэн байна.
У.СҮРЭН