СOP17-гийн үеэр асрахуйн эдийн засгийг онцгойлон ярих ёстой гэсэн саналыг “Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” төрийн бус байгууллагаас дэвшүүллээ. Асрахуйн тогтолцоонд хөрөнгө оруулснаар илүү олон зохистой ажлын байр бий болох, эдийн засаг дахь эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэх, дотоодын нийт бүтээгдэхүүн бодитоор өсөх, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй хямралыг даван туулах нийгмийн тэсвэрлэх чадвар сайжрах зэрэг ач холбогдолтой гэнэ.
Иймд дэлхийн удирдагчид нэгэн дээвэр дор чуулах томоохон арга хэмжээний үеэр зөвхөн уул уурхай, эрчим хүч, ногоон шилжилт, зам, дэд бүтэц яриад өнгөрөх бус, хамгийн өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалтад тооцогдож буй асрахуйн эдийн засгийг онцгойлон авч үзэх нь чухал гэдгийг тус байгууллагынхан дурдлаа. Судалгаагаар 2030 он гэхэд 2.3 тэрбум хүнд асаргаа хэрэгтэй болох төлөвтэй гэнэ. Асрахуйн үйлчилгээний салбарт хөрөнгө оруулснаар 2035 оны үед дэлхий дахинд 300 сая ажлын байр шинээр бий болох тооцоолол гаргажээ. “Уур амьсгалын шударга ёс асрахуйгүйгээр бүрэн хэрэгжих боломжгүй” гэж дээрх байгууллагынхан үзэж байна. Тэдний энэ санаачилгыг Азийн сан болон Монгол дахь Австралийн ЭСЯ дэмжиж буй аж.
Н.МИШЭЭЛ