
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аюулт үзэгдэл, ослын 75 дуудлага бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу төв, орон нутгийн онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 17 иргэний амь аварчээ. Нийт дуудлагын 43 нь ахуйн, дөрөв нь ой, хээрийн гал түймэр, хоёр нь үер, нэг нь газар хөдлөлт байсан бол биологийн гаралтай аюулт үзэгдэл дөрөв, хүний үйл ажиллагаатай холбоотой осол 21 удаа гарсан аж.
Тэгвэл нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 10, гал түймрийн 31 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, алба хаагчид есөн хүний амь, 52.6 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ. Урин дулааны улиралтай холбоотойгоор гол усанд эндсэн дуудлага тасрахгүй байгааг онцгой байдлынхан сэрэмжлүүлсэн бөгөөд он гарснаас хойш усны ослоор 59 иргэн амиа алдсаны 14 нь хүүхэд гэнэ. Гол, усанд эндсэн иргэдийн 11 хувь нь архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ осолджээ.
Ч.ТУЯА