Улаанбаатар хотноо энэ сарын 17-28-нд болох Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын үеэр зорчигч тээвэр, авто замын хөдөлгөөнд тусгай зохицуулалт хийхээр төлөвлөжээ. Тус хуралд 190 орны 6000 гаруй төлөөлөгч оролцохоор бүртгүүлснээс 150 орчим нь өндөр, дээд түвшний зочид юм. Үүнтэй холбогдуулан “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас зочдын байрлах буудлууд руу таван чиглэлд 60 автобусыг энэ сарын 13-наас эхлэн явуулахаар болжээ. Мөн нийт 35 зочид буудлаас Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хүртэл 17 чиглэлд нийтийн тээврийн 100 автобус 06.00-20.30 цагт үйлчилнэ. Хуралд оролцогчид бүртгэлийн мандатаа ашиглан нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих юм.
ЗТЯ-ны Авто тээврийн бодлого, зохицуулалтын газрын дарга Э.Мөнхнасан энэ талаар “Хурлын өдрүүдэд “Нарантуул”, “Дүнжингарав”, “Шинэ зуун айл” худалдааны төв болон Их Монгол гудамж орчмын авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана. Үүний хүрээнд “Дүнжингарав” худалдааны төвийн 1500, “Нарантуул” захын 2000 орчим авто зогсоолыг хаах тул тухайн бүсэд зорчих иргэдэд зориулж нийтийн тээврийн хоёр чиглэлд богино эргэлтийн автобус явуулна. Мөн COP17 хурал болон хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан авто замын ачааллыг бууруулах зорилгоор энэ сарын 15-наас ирэх сарын 12ныг дуустал өдөр бүр 07.00-21.00 цагт автомашинуудыг улсын дугаарын тэгш, сондгой тоогоор хязгаарлан, бүсчлэл харгалзахгүй хөдөлгөөнд оролцуулахаар боллоо. Харин есдүгээр сарын 1-нд бүх тээврийн хэрэгсэл дугаарын хязгаарлалтгүйгээр зорчино” гэв.
Э.СҮЙЛЭН