
Дэлхийн адууны өдрийн хүрээнд зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон улсын хурдан морины уралдаанд амжилттай оролцсон уяачдад Төрийн тэргүүн өчигдөр цом, гэрэгэ гардууллаа. Уясан хүлэг нь түрүү магнайд хурдалж, торгон жолоо өргүүлсэн Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат, уяач Гансүхийн Хадбаатарт “Нарны хүлэг” цом, Алтан гэрэгэ гардуулав. Харин уясан хүлэг нь айрагдсан, Завхан аймгийн Яруу сумын харьяат, тод манлай уяач Дашзэвгийн Дагвадорж, Архангайн Хотонт сумын харьяат, тод манлай уяач Дуламсүрэнгийн Лхагвасүрэн, Сүхбаатарын Баяндэлгэр сумын харьяат, аймгийн алдарт уяач Дамдинсүрэнгийн Аваадорж, Өвөрхангайн Уянга сумын харьяат, аймгийн алдар уяач Давааноровын Ганбаатар нарт Мөнгөн гэрэгэ хадгалууллаа.
Адууны соёлыг хадгалан хамгаалж, өвлүүлэн уламжлуулах зорилгоор Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дэлхийн адууны өдрийн тухай тогтоолын төсөл санаачилсныг НҮБ-ын Ерөнхий Ассамблей өнгөрсөн онд баталсан билээ. Үүний дагуу 55 орон өнөө жил Дэлхийн адууны өдрийг долоодугаар сарын 13-нд анх удаа тэмдэглэсэн юм. Манай улс энэ өдөр 15 мянган морьтны жагсаал, Ерөнхийлөгчийн нэрэмжит сонгомол болон бага нас, жороо морины уралдаан, адуу уургалах, бугуйлдах, морьт харвааны тэмцээн зохион байгуулсан бөгөөд үүнийг дэлхийн 50 гаруй орны жуулчид, зочид, төлөөлөгчид үзэж сонирхжээ.
Н.ДҮҮЛЭН