Төлбөрийн тэнцлийн энэ оны эхний хагас жилийн үзүүлэлтийг Үндэсний статистикийн хороо (ҮСХ)ноос танилцууллаа. Тодруулбал, төлбөрийн тэнцэл дээрх хугацаанд 566.6 сая ам.долларын ашигтай гарсан байна. Түүнчлэн урсгал дансны ашиг өмнөх жилийн мөн үеийнхээс хоёр тэрбум ам.доллароор өсөхөд худалдааны цэвэр орлого 6.3 дахин нэмэгдсэн нь голчлон нөлөөлсөн аж. Харин үйлчилгээнийх 1.7, анхдагч орлогын данс 2.7 тэрбум ам.долларын алдагдалтай бол хөрөнгийнх 49.9, санхүүгийн дансны тэнцэл 209.3 сая ам.долларын ашигтай гарсан гэнэ. Тодорхой хугацаанд эдийн засгийн харьяат болон харьяат бусын хооронд хийсэн худалдаа, үйлчилгээ, орлого, урсгал шилжүүлэг, санхүү, хөрөнгийн урсгалын орлого, зарлагын гүйлгээг нэгтгэсэн статистикийн тайланг төлбөрийн тэнцэл хэмээж буй.
Дээрхтэй зэрэгцэн энэ оны эхний долоон сарын гадаад худалдааны статистикийг олон нийтэд хүргэсэн юм. Манай экспорт өмнөх жилийн мөн үеийнхээс 57.5 хувиар өсжээ. Тодруулбал, Монгол Улс уг хугацаанд 153 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 19.4 тэрбум ам.долларт хүрсэн аж. Эл өсөлтөд зэсийн хүдэр, баяжмал, нүүрс, самнасан ноолуур, гянтболдын хүдрийн экспорт нэмэгдсэн нь багагүй нөлөөлсөн гэнэ. Харин ОХУ-аас импортолсон барааны 74.7 хувийг нефтийн бүтээгдэхүүн эзэлж буй бол Японоос суудлын автомашин жин дарж байна.
Д.Хэрлэн