Орон сууцын үнийн индексийг Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ноос танилцууллаа. Тодруулбал, эл үзүүлэлт өнгөрсөн долоодугаар сард өмнөх оны мөн үеийнхээс 6.2 хувиар өссөн байна. Түүнчлэн шинэ орон сууцын үнэ 5.1, хуучных нь 6.8 хувиар тус тус нэмэгдсэн гэжээ. Өнөөгийн байдлаар шинэ, хуучин байрны нэг ам метрийн дундаж үнэ 4.7 сая төгрөг бөгөөд Сүхбаатар дүүрэгт хамгийн үнэтэй бол Чингэлтэйд бага байгаа юм. Байршлын хувьд илүү дэлгэрүүлбэл, Сүхбаатарын талбай, 220 мянгат орчимд нэг ам метрийн ханш 7.9 сая төгрөг буюу хамгийн өндөр аж. Харин 21 дүгээр хороолол орчим 3.1 сая төгрөг байгаа нь хамгийн хямд ханш гэнэ. Түүнчлэн ерөнхий хүснэгтээс харвал III, IV хороолол, Төмөр зам, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Зайсан цогцолбор, 40 мянгат, 11 дүгээр хороолол орчмын байрны үнэ “талийжээ”.
Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн орон сууц хөлслөх эрэлт нэмэгддэг. Нэг өрөө байр сарын хугацаанд хөлслөх ханш дунджаар 1.3, хоёр өрөөнийх 1.9, гурван өрөөнийх 2.9 сая төгрөг байна. “Инфляц, үнийн өсөлт өндөр буй энэ үед яаж ийм “тэнгэрийн” үнэтэй орон сууц түрээсэлж, эсвэл худалдан авах вэ. Ямар ч боломжгүй санагдаж байна” хэмээн иргэд цахим орчинд байр сууриа илэрхийлжээ. Ташрамд, тайлант болон түүнээс өмнөх онд ашиглалтад орсон, эсвэл борлуулж буй байрыг шинэ гэх бол хоёр болон түүнээс дээш жил болсныг нь хуучин гэжүздэг байна.
Д.Сэлэнгэ