УИХ-ын өнгөрсөн баасан гаргийн хуралдаанаар Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа. Засгийн газар ирэх оны төсвийн төслийг анх өргөн барихдаа нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41.3, нийт зарлагыг 43.6, алдагдлыг 2.3 их наяд төгрөг байхаар тооцсон юм. Тэгвэл шинэчлэн боловсруулж, эцэслэн баталсан хуулийн төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 39.2, зарлагыг 41.5, болгон бууруулсан ч алдагдлыг өмнөх хэмжээнд үлдээв.
Ерөнхий сайд Н.Учрал “Ирэх онд төрийн өмчит компаниудын цэвэр ашиг, хүүгийн орлогоос төсвийн 21 хувийг бүрдүүлж, татварын орлогын эзлэх хувь хэмжээг 90-ээс 79 хүртэл бууруулахаар төлөвлөлөө. Татварын багц хуулийг хэрэгжүүлж, аж ахуйн нэгжүүдэд 1.3 их наяд төгрөгийн хөнгөлөлт, дэмжлэг үзүүлснээр 2027 онд 17, 2030 он хүртэл нийт 41 мянган ажлын байр шинээр бий болгох зорилт тусгалаа. Нийгмийн даатгалын багц хуулийн өөрчлөлтийн хүрээнд 141 ахмадын тэтгэврийг инфляцтай уялдуулан 10, төрийн албан хаагчдын цалинг 10-20 хувиар үе шаттай нэмнэ. Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөл дуусдаггүй олон яриа, ажилд цэг тавьж чадлаа. Шинэчлэл, өөрчлөлт хийх суурь хуулиудыг хэрэгжүүлэх боломж бүрдүүлсэн төсөв боллоо” гэсэн юм.
Харин УИХ-ын дарга С.Бямбацогт дэлхийн эдийн засаг эмзэг, үнийн өсөлтөөс үүдсэн эрсдэл өндөр, ээдрээтэй цаг үед иргэдийн ахуй амьжиргаа, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хамгаалсан төсөв баталж чадсаныг тэмдэглээд, онцлох ажил, бодлогын шийдвэрүүдээс танилцуулав. Тухайлбал, сарын 792 мянган төгрөг хүртэлх цалингаас хүн амын орлогын албан татвар авахгүй байх, ипотекийн зээлийн хөтөлбөрийг 500 сая ам.доллароор санхүүжүүлж, 16 мянган иргэнийг хамруулах, 180 мянга орчим аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчийн татварын ачааллыг 246 тэрбум төгрөгөөр бууруулах, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд 300 хүртэлх сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгох, улсын хэмжээнд нийт 45 эмнэлэг, 137 сургууль, 72 цэцэрлэг, 41 дотуур байр шинээр барих, эрчим хүчний 800 МВт-ын эх үүсвэр бий болгох зорилт бүхий ажлуудыг дурдав. Түүнчлэн Засгийн газар дотоодын нийлүүлэлт, хомсдолоос үүдэлтэй үнийн өсөлт бий болгохгүй байхад онцгой анхаарч ажиллах шаардлагатайг сануулсан юм.
Ж.Сувд