УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гаргийн ээлжит хуралдаанаар Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслийг гурав дахиа хэлэлцэж, дараагийн шатанд шилжүүлэв. Тодруулбал, Төсвийн байнгын хороо өмнөх хуралдаанаар УИХ-ын гишүүдийн дэмжсэн саналуудад үндэслэн төсөлд өөрчлөлт оруулах, урсгал болон хөрөнгийн зардал хооронд зохицуулалт хийх, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний нэр өөрчлөх, зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр хөрөнгийн зардлыг тохируулах, төсөл, арга хэмжээний санхүүжилтийг урсгал зардалд шилжүүлэх зэрэг 10 багц санал боловсруулсан байна. Харин чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх зарчмын зөрүүтэй саналууд дэмжсэн тул уг хуулийн төслийг дөрөв дэх хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
Төсвийн тухай хуульд зааснаар ирэх оны төсвийг Засгийн газар жил бүрийн есдүгээр сарын 1-ний дотор өргөн барьж, парламент арваннэгдүгээр сарын 15-ны дотор батлах үүрэгтэй. Үүний дагуу 2027 оны төсвийн төслийг батлахад 10 гаруй хоног үлдээд буй бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанаар ийнхүү гурав дахь шатны хэлэлцүүлгийг хийжээ. Ирэх оны төсвийн төслийг хэлэлцсэний дараа Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр дээрх байнгын хороонд шилжүүлэв.
Н.Мишээл