
Солонгосын дайны үед НҮБ-ын хүчийг командалж байсан Дуглас Макартур, Ерөнхийлөгч Ли Сын Ман
...Умардад “партизаны нэрд гарсан жанжин Ким Ир Сен” Засгийн эрхэд гарав. Харин Өмнөдийг коммунизмыг эсэргүүцэгч Ли Сын Ман удирдах болжээ. Тэдний аль аль нь өөрийгөө тус хойгийн цорын ганц хууль ёсны эрх баригч гэж үзэж байлаа.
1950 оны зургаадугаар сарын 25-нд Москва, Бээжингийн дэмжлэгтэйгээр Ким Ир Сен Өмнөд Солонгос руу довтолж оров. Есдүгээр сар гэхэд Умард Солонгосын цэрэг Өмнөдийн газар нутгийг үндсэндээ бүхэлд нь эзэлж авчээ. ЗСБНХУ хуралдааныг нь эсэргүүцсэнээс НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хориг тавих эрхээ ашиглалгүй 90 хувь нь америкчуудаас бүрдэж байсан цэргийн хүчээ Өмнөд рүү илгээжээ. Энэ хүч бүх нутгийг чөлөөлж, Умардын үлэмж газрыг эзэлж авсан байна.
Ким Ир Сенийг аврахаар коммунист Хятад шийдэв. 1950 оны эцсээр Хятадын “сайн дурынхны” хүчээр дайн Өмнөдийн нутагт шилжив. Удалгүй 38 дахь өргөрөгт байдал тогтворжиж, аль ч тал нь хойгийг бүхэлд нь хяналтдаа авч чадсангүй. Энэ зөрчил тэмцлийг дэмжиж байсан Сталин 1953 онд хорвоог орхиж, Цагаан ордонд Трумений халааг Эйзенхауэр авлаа. Тухайн үед дайн Хятадын чадал хүчийг шавхаж байв. Тиймээс энхийн хэлэлцээр байгуулах, түүгээр ч барахгүй урт хугацаанд эвлэрэл бий болгох боломж ч нээжээ. Гэтэл өөрийн тугийн дор “хоёр Солонгос”-ыг нэгтгэх мөрөөдлөө орхиж, хариуд нь энх амгалан тогтоохыг Ли Сын Ман хүсэхгүй байж.
1965 оны долоодугаар сарын 20-нд “New York times” сонинд бараг 3000 үгтэй эмгэнэл нийтлэгдсэнээс 90 настай, “Өмнөдийн бар” гэгддэг Ерөнхийлөгч Ли Сын Ман нас барсныг уншигчид мэдэж авчээ. Таван жилийн өмнө сонгуулийн луйврын улмаас оюутны эсэргүүцлийн хөдөлгөөн дэгдэж Ли Сөүлээс зугтаж, гэргий, дөрвөн чемодан, хоёр цүнхээ аваад Хавайн арал дээр очсон юм санж. Тэрбээр амьсгал хураатлаа өөрийгөө коммунистууд, сөрөг хүчин, Америкийн төрийн департаментын хуйвалдааны золиос болсон гэж үздэг байж. Ли Сын Ман амьддаа эх орондоо очихыг хүсдэг байсан ч авсанд ороод эргэж ирсэн юм. Түүний шарилыг Сөүл дэх Үндэсний оршуулгын газарт нутаглуулжээ.
Энэ нь тэрбээр хоёр дахь удаагаа эх орондоо “эргэж ирсэн” хэрэг байв. 1945 оны аравдугаар сарын 25-нд эхнийх нь тохиожээ. Тэрбээр 1904 онд АНУ-д очиж, 35 жил амьдарчээ. Тэнд байхдаа Солонгосын гадаад дахь түр Засгийн газрын тэргүүн болж, япончуудын эсрэг партизаны хөдөлгөөнийг зохион байгуулагчдын нэг болов. Түүнийг буцаж ирээд гурван жил болж байхад Солонгосын өмнөд хэсэгт сонгууль хийхэд Үндсэн хуулийн Ассамблейн 200 гишүүний 180-ынх нь саналыг Ли авч, дөнгөж үүсэн бий болоод байсан БНСУ-ын анхны Ерөнхийлөгч болжээ.
1949 оны эхээр Зөвлөлт, Америкийн цэрэг хойгийг орхив. Жаахан азнаж, ядаж Ким Ир Сен цэргийн түрэмгийлэл үйлдвэл түүнийг тогтоох чадалтай зэвсэг өгөхийг Ли Сын Ман америкчуудаас гуйлаа. Америкчууд зөвшөөрсөнгүй. Солонгост байгаа НҮБ-ын хүчийг командалж байсан генерал Марк Кларк дурсамждаа “Биднийг Солонгост байлгаж, бүрэн ялтлаа тулалдах гэсэн нь Ли-гийн зөв байсан. Гэхдээ энэ зорилгодоо хүрэхийн тулд бид дайныг Солонгосын хилийн гадна гаргаж өргөжүүлэх шаардлагатай, үүнд манай Засгийн газар, түүний НҮБ дэх холбоотнууд бэлэн бус” гэж олон жилийн дараа бичсэн байдаг.
1950 оны тавдугаар сард болсон сонгууль Ли Сын Маны нэр хүнд унасныг харуулж, баруунтнууд дөрөвний нэгээс илүүгүй санал авав. Ли-г улс төрчийн хувьд дампуурах аюулаас түүний гол дайсан Ким Ир Сен аварсан байна. “Ким үнэхээр Өмнөдийг авахыг хүсэж байсан юм бол ер юу ч хийхгүй нь зөв байв. Бидэн рүү довтолсон нь түүний хамгийн том алдаа” гэж Өмнөдийн офицер байсан нэгэн тэмдэглэжээ. 1950 онд Ли Сын Маны дэглэм дотоодын улс төрийн зөрчилдөө идэгдсэн, хэдхэн жил өнгөрөхөд дотроосоо задарч унах байтал Ким яаран довтолсноор үнэний үйл хэрэг, ёс суртахууны тугийг Ли-д бэлэглэж орхисон юм гэж түүхч Макс Хастинг дүгнэв.
Долоодугаар сарын 4-ний шөнө дунд депутатуудыг Үндэсний хурлын танхимд хөөж оруулаад Ерөнхийлөгчийг бүх ард түмний шууд санал хураалтаар сонгохоор Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг батлахаас нааш гаргахгүй гэв. Ингэх нь Ли Сын Маны бодлоор сонгогчдоо нягтруулж бэхжүүлэх байлаа. Энэ тооцоолол зөв болж түүний төлөө сонгогчдын 75 шахам хувь саналаа өгөв. Уг ялалт түүний гарыг бүрмөсөн суллаж сөрөг хүчнээ намнаж, дайсантай нь санаа нэгдлээ гэж сэжиглэгдсэн иргэддээ хатуу харгис хандахад саад хориггүй болгож өгчээ. АНУ, Хятад, Умард Солонгосын төлөөлөгчид дэлхийн ирээдүйн дүр зургийн талаар хэлэлцээ хийж байхад дайсанд ямар нэг буулт хийхийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн Ли Сын Ман мэдэгдэв. 1952 оны зун Сөүлд улс төрийн хямрал болж байхад Америкийн нууц баримт бичгүүдэд “Everready” буюу өөрийн “бэлтрэгт” зориулсан төлөвлөгөөний талаар анх удаа өгүүлэх болсон байна. Хэрэв “бэлтрэг” үгэнд нь орохоо байвал түүнийг илүү дуулгавартай хүнээр даруй солих бичигдээгүй журамтай байжээ. Өмнөд Вьетнамын Ерөнхийлөгч Нго Динь Дьемийн эсрэг үймээний үеэр ийм арга хэмжээ авч, Ираны шах Реза Пехлеви, Ерөнхий сайд Мосаддык нарт ч үүнийг хэрэгжүүлсэн аж. Ли Сын Манд ч ийм хувь тохиох байв. 1953 оны тавдугаар сарын 29-нд Штабын дарга нарын нэгдсэн хорооны дээд офицерууд Пентагонд цугларч, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч хэрэв гинжнээс мултрах гэвэл яах тухай ярилцжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Эйзенхауэр “Солонгосын дайныг хурдан, зохих ёсоор дуусгана” гэж 1952 оны эцсээр амласан байлаа. Ли Сын Ман болохоор холбоотнууд нь түрэмгийлэгчдэд буулт хийвэл эвлэрэхийг зөвшөөрөхгүй, өөрийн цэргийг НҮБ-ын хүчний удирдлагаас гаргаж бие даан тулалдана хэмээн америкчуудад мэдэгдэв. Эцсийн эцэст Эйзенхауэр хатуу, зөөлөн хоёрын зөөлнийг сонгож, Ли Сын Маны жолоог атгаж байхын тулд түүнтэй аюулгүй байдлын гэрээ байгуулах зам сонголоо. Хэлэлцээ хийгчид шийдвэрийг удаан хайсны эцэст зөвшилцөлд хүрч, 1953 оны зургаадугаар сарын 18-ны шөнө цэргийн олзлогдогчдын хорих лагерийн хаалга нээгдэж, Умардын 25 мянган хүн эрх чөлөөтэй болов.
Ким Ир Сений удирдсан Солонгосын ардын арми 1950 оны зургаадугаар сарын 25-нд умард зүгээс довтолсноор Солонгосын дайн эхэлжээ. Хоёр хоногийн дараа Хөдөлмөрийн намтай холбоо сүлбээтэй Өмнөд Солонгосын иргэдийг цаазлахыг Ли Сын Ман тушаав. Дайн эхэлсний дараа “Коммунистууд болон коммунизмд сэжиглэгдсэн” наад зах нь 12 хүнийг өөрийн гараар цаазалснаа Сөүлийн цагдаагийн газрын дарга байсан Ким Тэ Сон гэгч хүлээсэн байдаг. 1950 оны есдүгээр сарын эцсээр Сөүл хот чөлөөлөгдөхөд 30 мянга орчим өмнөд солонгос хүнийг Умардтай холбоотой гэх нэрээр Өмнөдийн хүчин буудаж хороосон аж. Америкийн офицерууд энэ хэрцгий үйлдлийн гэрч болж, зургийг нь авсныг АНУ-ын албан баримтууд нотолдог. Энэ ажиллагаагаа зогсоохыг АНУ-ын Элчин сайд Ерөнхийлөгч Ли болон Батлан хамгаалахын сайд Син Сон Мо-д зөвлөж байжээ. Нэг гэрчийн ярьснаар 40 хүний нурууг винтовын бөгсөөр цохиж хугалаад тэнгис рүү хаяж байж. 200 хүний цогцсыг ус руу шидэхдээ “Тэднийг шүүхээр авч хэлэлцэх цаг байсангүй” гэж хэлснийг Өмнөдийн адмирал Нам Сан Хи ярьжээ. Ийм үйлдэл болоод байгааг Америкийн ерөнхий штабт дуулгахад генерал Дуглас Макартур гэгч “тэдний дотоодынх нь хэрэг” гэж хариулсан байна.

Солонгосын дайнаар олзлогдсон хятад цэргүүд. 1950.XI.04
Ямар ч мөрдлөг шалгалт, шүүхийн ажиллагаагүйгээр хүмүүсийг Өмнөд Солонгост үй олноор нь хөнөөж байхад Америкийн цэргийн командлагч, генерал Дуглас Макартур түүнийг зогсоох аливаа оролдлого хийж байсангүй. Умардын арми ойртож ирэхэд Өмнөдийн цэрэгжсэн бүтцүүд улс төрийн хоригдол, эрэгтэй, эмэгтэй, хүүхэд нийлсэн 7000 орчим хүнийг цаазалж байхад америкийн офицерууд зургийг нь авч, 1999 онд олонд ил болготол нууцлан хадгалж байв. 1950 оны эцсээр Өмнөдийн офицерууд буудаж хороохоор авч явсан хүмүүсийг Британийн цэргүүд аварсан баримт байдаг аж. 1951 оны нэгдүгээр сарын 4-нд Умардынхантай хамтарч ажиллахыг нь зогсоохын тулд Өмнөдийн цагдаа нар 139 энгийн иргэнийг цаазалжээ. Өмнөд Солонгосын Тэжон болон бусад газраас 2008 онд цогцос бүхий нүх, цооног олдсон байна...
Р.Жаргалант