
Баянгол дүүрэгт үйл ажиллагаагаа явуулдаг “Монгол маамуу” цэцэрлэгийн нэг багш өнгөрсөн оны аравдугаар сард ой 10 сартай хүүхдийг бүсэлхийнээс нь доош халуун усаар түлсэн талаар саяхан цахим хуудсаар мэдээлсэн. Тус цэцэрлэг нь төвийн шугамд холбогдоогүй, бойлероор усаа халаадаг байжээ. Тухайн хүүхэд живхэндээ бие зассан байсныг багш нь цэвэрлэх зорилгоор угаалгын өрөөнд авч орсон аж.
Хүүхдийн эцэг, эх цэцэрлэгийн хяналтын камерыг шалгахад багш хүүхдийг угаалтуурт 10 гаруй минут орхиж явсан нь бичигдэж үлджээ. Түлэгдсэн хүүхдийг багш, эрхлэгч хоёр Гэмтэл согог судлалын үндэний төвд хүргэснийхээ дараа эцэг, эхэд нь дуулгасан гэнэ. Хүүхэд уургийн адагдалд орж, хордлого өгөн, сэхээн амьдруулах тасагт шилжсэн байна. Иргэдийн өргөдөл, гомдлын дагуу нийслэлийн Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаагийн удирдамжаар ажлын хэсэг томилогдож, тус цэцэрлэгт шалгалт хийжээ.
“Монгол маамуу” цэцэрлэг нь сургалтын аюулгүй орчин бүрдүүлээгүй, зориулалтын байргүй, мэргэжлийн бус багш нартай үйл ажиллагаа эрхлэн, боловсролын стандарт, сургалтын байгууллагад тавигдах шаардлагыг зөрчсөн нь тогтоогсон байна. Тиймээс нийслэлийн Засаг даргын захирамжаар “Монгол маамуу” цэцэрлэгийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгожээ.