
Монгол түмний уламжлалт сар шинийн баяр болж байгаатай холбогдуулан галт тэргээр зорчигчдын тоо нэмэгдсээр байна.
Эрээн, Замын-Үүд чиглэлд нэмэлт автобус гарган хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг нэмэгдүүлсэн талаар Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээлсэн. Тэгвэл төмөр замаар 526.0 тонн ачаа, 53 мянга орчим зорчигч тээвэрлэснээс Замын-Үүд-Эрээн чиглэлийн зорчих хөдөлгөөн ачаалалтай байгаа учир "Улаанбаатар төмөр зам" ХНН-ээс 44 дүгээр галт тэргийг нэмэлтээр гарган хөдөлгөөнд оролцуулжээ.
Ийм учраас Төмөр зам дахь цагдаагийн албанаас галт тэргээр үйлчлүүлж байгаа иргэд эд зүйлээ хулгайд алдахаас сэргийлж, сонор сэрэмжтэй байх, галт тэргэнд бууж, суух үедээ ачаа тээшээ мартахгүй байх, шөнө оройн цагаар галт тэргэнд унтаж амрахдаа өөрийн эд зүйлээ ил задгай орхихгүй байхыг сэрэмжлүүлж байна.



