МУИС-ийн багш, доктор, профессор А.Энхбаяр шавь нартайгаа хамтран Монголын түүх, өв соёлыг түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулахуйц санаачилга гаргажээ. Соёл, урлагийн газраас түүний санаачилгыг дэмжиж, ажил хэрэг болгосон байна.
Тодруулбал, Монголын үндэсний музей, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Богд хааны ордон, Эрдэнэзуугийн хийд, Хэнтий аймгийн музейд орчин үеийн дэвшилт тоног төхөөрөмж байрлуулж, үзмэрүүдийг орон зайнаас үл хамааран харж, бас мэдрэх боломж бүрджээ.
Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн захирал У.Сарантуяа “Өндөр гэгээний урласан хосгүй үнэт найман бүтээл, соёмбыг виртуал хэлбэрт орууллаа. Виртуал музейн тайлбарыг ардын жүжигчин Г.Равдан уншсан. Музейд ирж амжихгүй хүмүүс цахимаар ч үзэх боломжтой” хэмээн онцолсон юм. Музейн үзмэрийг зөөх шаардлагагүйгээр виртуал технологи ашиглан дэлхийн өнцөг булан бүрт цахимаар үзүүлж, өв соёлоо сурталчлах аж.
Төслийн нээлтэд оролцсон хүмүүс виртуал аялалд “уригдаж”, бурхдыг тэнгэрт хөвж, ууланд бясалгаж буйг хараад “Олон улсаас технологиороо хоцроогүйг баталж өглөө” хэмээн А.Энхбаяр багшид баярласнаа илэрхийлсэн юм. Виртуал нь олон улсад ид хөгжиж буй технологи бөгөөд компьютерт бүтээсэн хийсвэр орчныг тусгай төхөөрөмжийн тусламжтайгаар бодит мэтээр харуулдаг аж.