ЦЕГ-аас загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ, Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн байлдагч амиа алдсан талаарх мэдээллийг өглөө.
Энэ удаагийн хэвлэлийн хуралд ЦЕГ-ийн Мөрдөн байцаах албаны дарга Д.Отгонжаргал, ХМОНХХ-ын дарга Б.Баатархүү нар байлцаж байна.
Ч.Чамин-Эрдэнийн хэргийг үргэлжлүүлэн шалгана
"Хан-Уул дүүргийн “KH apartment” хотхоны арын хоосон хашаанд 2018 оны аравдугаар сарын 24-ний өдөр Ч.Чамин-Эрдэнийн цогцос олдсон тухай хэргийн шалгалтын ажиллагаа дууссан. Өчигдөр хохирогчийн өмгөөлөгч хавтас хэрэгтэй танилцсан. Уг хэрэгтэй холбоотой бүх асуудлыг гурван сарын хугацаанд шалгаж ажиллалаа. Цогцос олдсон газар нь хүний хөдөлгөөн байдаггүй, гадуураа хашаатай, дотроо хамгаалалтын ажилтан байрладаг хоосон газар юм. Мөн мөрдөн байцаалтын явцад туршилт явуулж, унасан гэх онгорхой цонхоор хүн багтах уу гэж туршилт явуулсан. Тус зайгаар хүний бие багтах боломжтойг тогтоосон. Гэхдээ Гэрэлхүү гэдэг иргэний хүсэлтээр дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулна.
Харин тус хүний дурдсан хэрэгт сэжиглэгдэж байгаа бүх хүнийг шалгасан ч яллагдагчаар татагдах хүн байгаагүй.
Дорноговь аймагт гарсан ЗХЖШ-ын 336-р цэргийн ангид 19 настай хугацаат цэрэг амь насаа алдсан хэрэг гарсан.
Дорноговь аймгийн шинжээч талийгаачийг "Биедээ ил харагдах гэмтэл шархгүй" гэсэн дүгнэлтийг гаргасан ч бид дахин үзлэг хийнэ. Тухайлбал, дахин шинжээч томилж, үзлэг хийж байна. Шалгалтын комисс Дорноговь аймагт ажиллаж байна.
Тухайн өдөр тэнд юу болсон талаар цэргүүд, гэрчээс тодруулга авсан. Цэргүүд хоорондоо бие биедээ гар хүрсэн болох нь камерын бичлэгээр тогтоогдсон.
Мөн бэлтгэлийн үеэр ээлжийн ахлагч тухайн цэрэгт гар хүрсэн үйлдэл бий, бичлэгт хадгалагдсан. Гэхдээ энэ нь үхэлд хүргэсэн эсэхийг шалгалтаар тогтооно. Зөвхөн шүүгч, эмчийн дүгнэлтэн дээр үндэслэж эцсийн дүгнэлт гарахгүй. Харин олон нийтийн сүлжээнд зураг, мэдээлэл тавьсан цэргийн ахад хуулийн хариуцлага хүлээлгэхгүй" гэсэн юм.