
Өнгөрсөн долоо хоногт болсон онцлох үйл явдлуудыг багцлан хүргэе.

Эх орноо хамгаалахаар явсан 19 настай хүүгийн үхэл тодорхойгүй байна
Энэ сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Зүүнбаян дахь 336 дугаар ангид алба хааж байсан 19 настай цэрэг амиа алдсан хэрэг гарсан. Талийгаачийн нурууны зургийг ах нь цахим сүлжээгээр ил болгосноор цэргийн харгис дэглэмийн уршгаар нас барсан байж болзошгүй гэх хардлага олон нийтэд бий болсон. Үүнтэй зэрэгцээд ЦЕГ-аас "Тухайн өдөр тэнд юу болсон талаар цэргүүд, гэрчээс тодруулга авсан. Цэргүүд хоорондоо бие биедээ гар хүрсэн болох нь тогтоогдсон.
Бэлтгэлийн үеэр ээлжийн ахлагч тухайн цэрэгт гар хүрсэн үйлдэл бий, бичлэгт хадгалагдсан. Гэхдээ энэ нь үхэлд хүргэсэн эсэхийг шалгалтаар тогтооно. Зөвхөн шүүгч, эмчийн дүгнэлтэн дээр үндэслэж эцсийн дүгнэлт гарахгүй" хэмээн мэдэгдсэн.
ЗХЖШ-аас ч мөн " Салбарын ахлагч цэргүүдийн биеийн тамирын талбай дээр гүйлгэж байх үед талийгаачийн дотор нь эвгүйрхэж биеийн байдал нь муудсан байна. Түүнийг орон дээр хэвтүүлж, дэргэд нь байсан ахлагч нар гар хөлөнд нь массаж хийн, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлжээ. Дараагийн хичээл орох үед талийгаач таталт өгсөн тул багийн эмчийг дуудаж талийгаачийг Зүүнбаянгийн эмнэлэг рүү авч явсан ч эмнэлэг рүү явах замдаа нас барсан” гэх тайлбарыг өгсөн. Энэ хэрэгтэй холбогдуулан ЗХЖШ-ын удирдлагууд тус ангид шалгалт хийх үед зөрчил дутагдал илэрсэн байна. Тухайлбал,
- - Ангийн удирдлага өдөр тутмын үйл ажиллагаанд тавих хяналт сул байсан
- - Салбарын захирагч шийдвэр гаргахдаа цэргийн сахилгын дүрмийн 62 дугаар заалтыг зөрчсөн
- - Эмнэлгийн анхны тусламжийг хожимдож үзүүлсэн зэрэг цэргийн дүрмийг зөрчсөн хэд хэдэн зөрчил дутагдал илэрчээ.
Мөн хүүг жагсаалд гүйж байгаад бахардаж унахад нь дэвсэж, зодсон гэсэн өмгөөлөгчийн өгсөн мэдээлэлд “Жагсаал гүйцэхгүй байна гэж цохисон нь хажууд нь байсан цэргүүдийн мэдүүлгээр нотлогдсон. Гэхдээ энэ нь үхлийн шалтгаан болсон эсэх нь тогтоогдоогүй байна” гэсэн байна.
Ямар ч хүүгийн үхлийн шалтгааныг тогтоохоор шалгалтын ажил үргэлжилж байгаа ч Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд нар ядахдаа эмгэнэл ч илэрхийлэхгүй, "таг чиг" суусаар байна.
Төрийн жинхэнэ албан хаагчдын ажлыг улирал тутам дүгнэнэ
Засгийн газар 2019 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс төрийн албан хаагчдын цалинг инфляцийн түвшинтэй уялдуулан найман хувиар нэмсэн. Үүнтэй уялдуулан төрийн албан хаагчдыг хариуцсан ажилдаа эзэн болж, иргэдэд хүнд суртал, чирэгдэлгүй, түргэн шуурхай үйлчилж байхыг шаардан ажиллаж байна.
Засгийн газрын өнгөрсөн мягмар гарагийн хуралдаанаар “Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж батлах, үр дүн мэргэшлийн түвшинг үнэлэх журам”-ыг хэлэлцэн баталлаа.
Одоогийн журмаар төсвийн шууд захирагчийн гэрээний биелэлтийг хагас, бүтэн жилээр дүгнэж, менежерийн болон гүйцэтгэх албан хаагчийн гэрээг бүтэн жилээр дүгнэж байгаа. Үүнийг шинэ журмаар өөрчилж, хэрэгжилтийг улирал тутам, явцыг бүтэн жилээр дүгнэнэ. Ингэснээр үнэлгээ илүү бодитой болж, сайн ажилласан бол цаг тухайд нь урамшуулж, хангалтгүй бол хариуцлага тооцож байх юм.
Үүний зэрэгцээ төрийн албан хаагчдын ажлын тодорхой чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, чадвар эзэмшүүлэх, туршлагыг нь дээшлүүлэх, шатлан дэвшүүлэх, хөгжүүлэх, ажлын байранд сургах зэрэг боломж бүрдэж, төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх хуулийн зорилт хангагдана.
Мөн хуралдаанаар “Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлийн зорилт, шалгуур үзүүлэлтийг тогтоох, тайлан гаргах журам”, “Стратеги төлөвлөгөө боловсруулах, батлах, хэрэгжилтийг хангах журам”-ыг хэлэлцэн баталлаа.

УИХ-ын дарга М.Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх эсэх асуудлыг ирэх мягмар гарагт шийдвэрлэнэ
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар нар УИХ-ын даргыг албан тушаалаас нь чөлөөлөх талаарх тогтоолын төслийг өнгөрөгч баасан гарагийн өглөө УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барьсан.
Үүний дагуу УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдыг албан тушаалаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэрхэн хэлэлцэхээр шийдвэрлэсэн талаар УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн.
Тэрбээр “Монгол Улсын Их Хурлын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд зааснаар нам, эвслийн бүлгийн хуралдааныг долоо хоногийн Даваа гарагт, Байнгын, дэд, түр хороодын хуралдааныг Мягмар, Лхагва гарагт, харин УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг долоо хоногийн Пүрэв, Баасан гарагт тус тус хуралдуулахаар хуульчилсан байдаг. Иймд Даваа гарагт чуулганы нэгдсэн хуралдааныг хуралдуулах боломжгүй учраас ирэх долоо хоногийн Мягмар гараг буюу 2019 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн 10.00 цагт Төрийн байгуулалтын байнгын хороог хуралдуулсны дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг хийхээр тогтлоо. Уг тогтоолын төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэн шийдвэрлэх УИХ-ын даргын захирамж гарлаа” гээд УИХ-ын даргын захирамжийг танилцуулжээ.
Харин уг төслийг өргөн барьсан Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд, Т.Аюурсайхан нарын гишүүд УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлыг тухайн өдөр хэлэлцэх горимын санал гаргав.
Гэтэл УИХ-ын дарга М.Эхболд хэлэхдээ "Би ямар нэгэн албан тушаалтай зууралдаад байгаа зүйл байхгүй гэдгээ өмнө нь ч мэдэгдэж байсан. Хуулийн дагуу, хуульд заасан үндэслэлийн дагуу албан тушаалаасаа чөлөөлөгдөхөд болохгүй гэх зүйл байхгүй. Иймд Монгол түмний уламжлалт баяр Цагаан сараас өмнө шинэ УИХ-ын дарга сонгогдоно. Өөрөөр хэлбэл, дараагийн их хурлын дарга сонгогдох 3-4 хоногийн хугацааг нь бодолцож, чуулганы хугацааг нааш нь урагшлууллаа" хэмээн мэдэгдэж, гишүүдийн гаргасан горимын саналыг хүлээн авах боломжгүй гэлээ.

Өмнөговь аймагт H1N1 вирусээр нэг хүн нас барсан тохиолдол бүртгэгдлээ
Өмнөговь аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчлөл газар авч байгаа бөгөөд БОЭТ-д хэвтэн эмчлүүлж байгаа эмчлүүлэгчдээс энэ сарын 21-ний байдлаар нэг хүн нас барсан эмгэнэлт явдал тохиолдлоо.
Мөн хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн хоёр нь маш хүнд, долоо хүүхэд хүнд байгаа бөгөөд өвчлөл даамжирч хатгалгаа, менингит, H1N1 вирусын халдвар авч байна.
Хэвтэн эмчлүүлэгчдээс ХӨСҮТ-д 18 сорьц шинжилгээнд явуулснаас 10 хүний сорьц шинжилгээгээр томуугийн H1N1 вирус илэрсэн нь аймгийн хэмжээнд олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахыг хориглосон шийдвэрийг Онцгой комиссын хурлаас гаргажээ.
Хурлаар эмнэлгийн байгууллагад хэрэгцээтэй эм, тариа, багаж тоног төхөөрөмж, хүний нөөц, эмнэлгийн ажилчдын илүү цагийн ажлын хөлс мөнгийг аймгийн Засаг даргын нөөцөөс шийдвэрлэхээр болсон байна.

ХСҮТ-ийн эмч нар дахин нэг хүнд амьдрал бэлэглэлээ
ХСҮТ-ийн эмч нар элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хийж, нэг хүнд амьдрал бэлэглэлээ. Тухайлбал, Ж.Чинбүрэн даргатай Хавдар судлалын үндэсний төвийн хамт олон элэг шилжүүлэн суулгах ес дэх мэс заслаа амжилттай хийж дуусчээ. Мэс засал энэ сарын 23-ны өглөө эхлэн 24-ний шөнийн 02.00 цагийн орчимд дууссан байна.
Үүгээр зогсохгүй манай мэс засалчдаас Эрхүүгийн хавдрын төвийнхөн туршлага судлахаар мөн ирсэн гэдгийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.

Ахмадууд "Насны хишиг"-ээ авахаар өдөр шөнөгүй дугаарлаж байна
Манай улс жилдээ хоёр удаа 65-аас дээш насны ахмадууддаа "Насны хишиг" олгодог. Ингэхдээ үндэсний хоёр баяраар ахмадуудын наснаас хамааран 50-250 мянган төгрөг өгдөг. Тэгвэл өнгөрсөн долоо хоногоос эхлэн Төрийн банк "Насны хишиг"-ийг олгож эхэлсэн бөгөөд үүнтэй холбогдуулан ахмадууд өвлийн хүйтэнд гадаа зогсон дугаарлаж байна.
Ачаалал ийнхүү их байгаа нь Төрийн банкнаас бусад банкууд халамжийн мөнгө олгохоос татгалзсанаас үүдэлтэй гэнэ. Иймд өнгөрөгч пүрэв гарагаас нэмж ХААН болон Капитал банк ахмадуудын халамжийн мөнгийг олгож эхэлжээ.